top of page

Амьдрал заримдаа яагаад санаснаар болдоггүй вэ?

Writer: OjinkaOjinka

Updated: Oct 22, 2022

Юу хүсэж мөрөөдөж байгаагаа тов тодорхой мэдээд байдаг, хаашаа хэрхэн явах замаа ч бас мэдэж байгаа, хаанаас яаж эхлэхээ мөн адил мэдэж байгаа мөртлөө заримдаа яагаад ч юм амьдрал санаснаар болдоггүй. Ямар нэгэн саад байгаа болоод замдаа бид гацдаг бололтой. Мэргэжлийн хүрээнд хүмүүс хоорондын харилцааны туршлагаас олон олон саад анзаарсан. Түүнээс ойлгосон чухал гурвыг та бүхэнд хүргэе.


1. Бодлын хүлээсээ тайлах

Тийм ээ, ямар нэгэн шинэ зүйлд өөрийгөө бэлдэж байхдаа бид хуучин бодлын хүлээстэйгээ хамт байдаг. Хуучин аргаар шинэ зүйл бүтээх хэцүү шүү дээ. Тодорхой байх үүднээс нэг жишээ дурдъя.

Та нэг гоё төсөл эхлүүлэх гээд таны оюун бодол бөөн бөөн шинэ санаа оноогоор дүүрэн. Гэвч хуучин бодлын хүлээс хамгийн түрүүнд бүх эрсдэл, хорвоогийн хамгийн бүтэлгүй бүхий л үйл явдлыг бодож эхэлнэ. Мэдээж хүн өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийж эхлэх үедээ айдаг. Бас өөртөө эргэлзэж өөрийнхөө эсрэг бодлын хүлээсэнд ордог. Гоё төслөө эхлүүлэх төсөөлөл байв бодлын хүлээсээрээ улам өөрийгөө хязгаарлана.

Гэхдээ энэ бодлын хүлээс анх хаанаас урган гарч ирсэн бэ? Та бодож үзсэн үү? Олон олон нөхцөл байдлаас үүдэлтэй ч нийтлэг тохиолдол бол:

- ар гэрийн хүмүүжил буюу суурь хүмүүжил ( чи юугаа чаддаг юм?! чадах уу?! за за боль боль гэх мэт бодлын код)

- амьдралын туршлага ( олон дахин алдаж, оносон туршлага)

- үгээр биш ч үйлдлээр авсан сэтгэлзүйн дайралт (чи чадахгүй ээ гэх тохуурхал, биеийн хэлэмж, үл ойшоосон байдал. Хэдий түс тас гээд хэдэн үгээр хэлэхгүй ч эргэлзээтэй байдлаар танд хандах)

Бодлын хүлээсээ тайлахын тулд маш оновчтой байдлаар өөрөө өөртөө дүгнэлт хийнэ. Санаанд багтсан л бол та хийж чадна. Хүн өөрийнхөө потенциалаас хол зүйл хүсээд байдаггүй. Бодлоо бодит болгох арга зүй дээр төвлөрч "Айвал бүү хий, хийвэл бүү ай" гэдэг үгийг өөртөө хэлж, аливаад эр зоригтой байх нь чухал. Эр зоригтой байна гээд эрсдлээ бодохгүй байж болохгүй тиймээс яг санаанд багтсан зүйлээ л хийгээрэй. Санаанаас тань давах гээд байвал дахин дахин бодож, тооцоолон, дүгнээрэй. Стратегигүй зорилго мөрөөдөл болж үлддэг. Тиймээс бодлын хүлээсээ тайлахын тулд стратегитай ажиллах нь маш чухал.


2. Үг, үйлдэл хоёртоо холбоос үүсгэх

Аливаа нэг зүйлийг эхлүүлэхдээ бид болоогүй зүйлийг болсон мэтээр төсөөлөн боддог. Бодсоор байгаа яг хийж хэрэгжүүлэх гэхээр аль хэдийн нөгөө хүсэл зорилгоо алдчихсан байдаг. Тэгвэл эрч хүчээ алдахаасаа өмнө хэрхэн бодлоо бодит болгох вэ? Хэрхэн нөгөө 5 секундийн дүрмийн аргаар шууд хийж эхлэх вэ? Аливаа шинэлэг зүйлийг эхлэхээс өмнө оюун бодол болон бие сэтгэлээ холбож, хооронд нь холбоос үүсгэж нөгөө яг бид нарын хэлдгээр онгодоо дуудна. Үгүй бол нэг юм хийх гээд толгой ажиллаад байвч бие хөдөлж өгөхгүй, босоод шууд хийх гэхээр бас толгой ажиллахгүй байх үе зөндөө. Ийм үед тэгээд яах вэ? Ямар аргаар энэ программыг өөрчлөх вэ? Өөрсдөө ч мэдэхгүй байгаа зүйлээ хэрхэн өөрчлөх вэ?

Хариултыг нь хоёр хэсэгт хуваалаа. Гэхдээ үр дүн нь дараах хоёр хэсэг нэгдэж байж нэг бүхэл хариулт болох юм.

Үгийг үйлдэл рүү шилжүүлэх (бодлоос бие руу)

Бодлын хөдөлгөөнийг бие руу шилжүүлэхгүй байвал нэг тийм өдөр болгон зүгээр л сайхан зүйл бодоод, сонсоод, нээрээ тийм ш дээ гээд баярлаад, ямар ч үйлдэл хийхгүй уяраад суугаад байдаг нэгэн болж хувирна. Жишээ нь Та бол Хайр гэх эерэг үг энэ тэндээс сонсоод нээрээ л тийм дээ гээд суух. Ямар ч үйлдэл байхгүй буюу өөрөө өөрийгөө үйлдэл дээрээ хайрлахгүй зүгээр л суух.

Та бол хайр гэдэг нь маш чухал үг. Гэвч та өөрөө өөрийгөө үйлдлээрээ хайрлахгүй бол сэтгэлд дулаахан үгс хоосон үгс болж хувирна. Үгийг хүчтэй, үнэ цэнтэй, өөртөө наая гэвэл та мэдрэх хэрэгтэй. Биеэрээ мэдрэх хэрэгтэй. Мэдрэмж үгийг хэд дахин хүчтэй болгож та өөрөө өөрийгөө үнэхээр хайр гэдгийг мэдрэнэ бас тэр үгэндээ итгэнэ. Энэ бол үгийн ид шид. Бодлын хүч юм.


Дасгал:

Эерэг бодол : Та бол хайр

Үйлдэл: өөрийгөө хайрлах бяцхан үйлдэл шууд хийх. Жишээ нь толинд өөрийгөө хараад сайхан зүйл өөртөө хэлэх, лимонтой ус уух (зүгээр дан ус уснаас арай өөр мэдрэмж), өөртөө сайхан захиа бичих (өөр лүүгээ имайл бичээд явуулах) гэх мэт санаанд орсон, өөрт тааламжтай юу ч хамаагүй хийх. Гол нь үйлдэл.

Үйлдлийг үг рүү шилжүүлэх (биеэс бодол руу)

Дээрх тодорхойлолтын эсрэг. Сайхан зүйл хийж бүтээж, үйлдэж байхдаа ухамсартайгаар бодно. Хийж байгаа бүх үйлдэл маань утга учиртай, алсын хараатай гэх мэтээр том зургаар харна. Зовсон ч борооны дараа солонго гарна гэдэгт итгэдэгтэй адилаар, жаргаж зовно буюу үйлдэл бүхнээ сайхан үг руу хувиргаж, оюун бодлоо эерэг программ руу шилжүүлнэ. Ядаргаатай юм, хэзээ хийж дуусна аа, өө лай лай гэх мэтээр үйлдэл бүхнээсээ таагүй бодол үүсгээд байвал бие организм дааврын болон биохимийн түвшинд буруу ажиллаж эхэлнэ. Аз жаргалын биш айдсын даавар ялгаруулаад байвал хэрхэн аятай тухтай байх билээ, тийм ээ?


3.Таны хүрээлэл болон хамт олон

Хэдий та бодлын хүлээсээ суллаад, тархиндаа шинэ программ суулгаад, үг, үйлдэл хоёроо холбоод, өөрөөс хамаарах өөрчлөлтөө хийсэн ч нөгөө л хуучин хүрээлэлдээ байж нөгөө л таныг унтрааж байдаг хүмүүсийнхээ дунд, шинэ санаа болгонд тань эргэлздэг "Ээ дээ!" гэсэн харцтай тулгарсаар байвал танд өөрчлөлт ирэхгүй. Учир нь бид нийгмийн амьтан. Хүрээлэл дундаас өөрийгөө бүтээдэг чанартай. Тэгвэл өөрийгөө бүтээж байна гээд хүрээллээ солих уу? Та юу гэж бодож байна? Мэдээж боломжгүй. Тэр тусмаа цусан төрлийн хүмүүсээ солих боломж өүр ч байхгүй. За, тэгвэл ямар арга байна? Эхлээд та өөрөө өөрийгөө сайн мэдэр, сонс, ажигла. Хаана, хэнтэй, юу хийж байхдаа их бүтээлч байж, сэтгэл хөнгөрч, баяр баяслаар дүүрэн байна? Ямар орчинд та өөрийнхөөрөө байна? гэх мэт эргэн тойрноо болон өөрийгөө ажиглаад өөрийн орчноо бий болго. Та бол хамгийн ойр байдаг таван хүнийхээ дундаж гэж хаа нэгтээ сонссон л байх. Яг тийм л байдаг. Тиймээс, зөв хүрээллийг бий болго. Зөв хүрээллийг таних амархан. Таны сэтгэл хаана амар амгалан байж чадаж байна тэр таныг зөв хүрээлэл дотроо байгааг илэрхийлдэг. Таныг дэмждэг, хайрладаг, таны талд байж чаддаг, танд итгэдэг хүмүүсийнхээ дэргэд байж бас тэдний зөв хүрээлэл нь та өөрөө байхыг чин сэтгэлээсээ хүсч, ухамсартайгаар хүрээллээ бий болгоорой.

За ингээд хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бид нар

- бодлын хүлээсээ тайлах

- үг, үйлдэл хоёртоо холбоос үүсгэх

- таны хүрээлэл болон хамт олон гэх дээрх гурван хэсэг дээр төвлөрч чадвал хүссэн зүйлдээ хүрч чадах боломжтой ажээ.


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page