Хүссэн зүйл хүзүү орооно Хүсвэл хясна гэх мэт ардын зүйр үгийг анх сонсоод шууд утгаар нь хүлээж авдаг байлаа. Хүн гэдэг хүсэл нь ихдэхээрээ шуналтай болдог. Шунал нь ихдэхээрээ хүн төрхөө гээж энэ амьдралд хүсэлтэйгээ хамт өөрөө өөрийгөө алддаг юм болов уу гэж боддог байлаа. Харин хувь хүний хөгжил болон сэтгэл судлал талаас нь хараад үзсэн чинь огт өөр өнцөг гарч ирсэн. Тийм ээ, өөр өнцөг. Хүн ер нь урьд нь мэдэхгүй, чадахгүй, танихгүй зүйлээ хамгаас илүү хүсдэг. Нөгөө хүний юм өөрт нь гоё санагдаад байдаг шиг. Танихгүй тэр ертөнц өөрөө хүсэл тэмүүлэл юм бол хүн дуртай дургүй өөрийнхөө тухтай бүсээс гарах хэрэгтэй болдог. Хүсэл тэмүүлэл = шинэ орчин буюу тухтай бүсээс гарах Миний хувьд хүн хэт их хүссэн зүйлтэйгээ нүүр тулах тэр агшин яг л өөр өөртэйгөө нүүр тулахтай адил. Өөртэйгөө нүүр тулна гэдэг хамгийн хэцүү. Яагаад гэвэл та тэндээс яг жинхэнэ хэн бэ? гэдгийг харна.
Чадахгүй чадвар хүссэн хүслээс хойш татдаг болохоор хүсэл гэх зүйл хүзүүгээр нь ороож, хясаж эхэлдэг байх. Гэхдээ процессын хувьд зөв мэт. Анхнаасаа амархан байсан бол бид бүгд хүссэн зүйлдээ хүрэх байсан. Тиймээс болохгүй хэцүү байгаа нь зөвхөн танд биш цаг хугацаанд бас байгаа. Тиймээс чадахгүй зүйлээс чадаж, мэдэхгүй зүйлээс мэдэж, танихгүй байдлаас таньдаг бололтой өөрөө өөрийгөө дайчлаарай. Маш хэцүү. Гэхдээ та чадна. Яагаад гэвэл бусад нь чадаад байна шүү дээ :)
Таныг хамгийн хойш татдаг хүн бол бусад биш та өөрөө. Уучлаарай, бидний тархи шинэ өөрчлөлтөд дургүй. Тухтай газраа тавтай байхыг хүсдэг. Харин сэтгэл өөр. Сэтгэл маш хөдөлмөрч, тэмүүлэлтэй. Учир нь таны сэтгэл дотор жинхэнэ та оршиж байгаа. Харин залхуу тархи уу? Тархи ямар үед ажилсаг болдог гээч? Олон юм бодохгүй шууд хийж эхлэх үеэс. Бодоод л байвал суугаад л байна...
Энэ хүртэл уншсан бол та шууд босоод бодож байсан, хүсэж байсан зүйлээ хийгээрэй. Жишээ нь аяга сайхан амттай цай өөртөө хийх бас сайхан шүү дээ.

Comments