Зөөлөн сэтгэл
Хорвоогийн хамгийн хатуу зүйл юу вэ? Хатуурсан сэтгэл. Сэтгэл хатуу хүнд байх тусмаа амьдрал бидэнд хатуу хандаад байгаа мэт санагддаг. Уучилж сур, уужим сэтгэлтэй бай гэж үеэс үед захиж, сургаж байсан нь цаанаа л нэг учиртай гэмээр.
Сэтгэл тэгээд яагаад хатуурдаг юм бэ? Олон шалтгаан бий. Яг ийм тийм гээд нэг үгээр цагаан дээр хараар буулгаж байгаа мэт шууд хэлэхэд хэцүү. Энэ бол асуудал бөөрөнхийлсөн хэлбэр биш. Хүмүүс бидний амьдралын туршлага, үзэж харсан зүйлс, эргэн тойрны амьдралын асуудал өөр өөр болохоор л тэр.
Харин сэтгэл судлалын хүрээнд яагаад сэтгэл хатуурдаг талаар дараах хэдэн нөхцөл байдлыг дурдсан байна.
Үүнд:
- өнгөрсөн цагийн гомдол тээж амьдрах
- хэт их сэтгэл гаргаж түүндээ дүйцэхүйц хариу үйлдэл бусдаас хүлээх
- өөрийгөө болон бусдыг уучилаж чадахгүй байх
- хэт их нэг үзэл бодолд баригдах
- нээлттэй өөрийгөө ойлгуулж чадахгүй болон бусдыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх гэх мэт аливаа бүхэнд хаалт хийх тусам хүний сэтгэл, бодол хатуурдаг байна.
Хэрхэн үүнээс ангижрах вэ?
Бүх хүмүүст таарсан ид шидийн ганц жор байхгүй ч дараах техник танд тус болно.
1. Таны уур бухимдал болон таагүй байдалд оруулж байгаа бүх хүчин зүйлийг жагсааж бичих.
2. Дор хаяж долоо хоног таныг бухимдуулж байгаа хүчин зүйлээс хол байх. Бодол санаагаа тусгаарлах.
3. Муу бодол, бухимдал толгойд орж ирэх болгонд өөрөө өөртөө сануулга өгч, анхаарлаа өөр зүйлд сарниулах. Ухамсартайгаар бодлоо удирдах.
4. Сөрөг бодол толгойд орж ирэх болгонд Яагаад би ийм юм бодов? Учир шалтгаан нь юу байна? гэх мэт өөрөөсөө асууж дүгнэлт хийх. Эцэст нь урт гүнзгий амьсгалахаа мартаж болохгүй.
Дээрх техникийг өөртөө зөв дадал болгож сурвал бага ч болов сөрөг бодлоосоо салж, зүрх сэтгэлээ зөөллөн, өөртөө хайртай бусдад эерэг байх боломжтой.
ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ
