top of page

“Миний гэр бүл ирэх 20 жилд"

Writer: OjinkaOjinka

27 нас хүрлээ энэ жил. Ер нь нилээд бага байхаасаа сайн ээж, эзэгтэй болохын тулд сайн боловсролтой, өөрөө өөрийгөө бэлтгэсэн байх хэрэгтэй гэж боддог байсан. Тиймээс хирэндээ өөрийгөө бэлдээд л яваа нь энэ.


Миний бодлоор магадгүй 30 эсвэл 30 жаахан гараад хуримаа хийнэ гэж боддог. Гэр бүлээ эхнээс нь зөв, эрүүл байлгахын тулд хийх ёстой зүйлээ дарааллаар нь явах нь тухайн хосын хэн хэнд нь илүү эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлахад хэрэгтэй болов уу гэж боддог. Тиймээс хамт амьдраад, сүй тавиад, хуримаа хийгээд, гэрлэлтээ батлуулаад, багадаа хамтдаа 3-5 жил амьдарсны дараа 2 хүүхэдтэй болох хүсэлтэй байна.


Хүүхэдтэй болохоос өмнөх хугацаандаа өөрсдийн хүссэн зүйлээ хийж, хамтдаа илүү их цаг өнгөрөөж, ойлголцож, хөгжилтэй байхыг хүсч байна. Хүүхэд эмэгтэй хүнд эрэгтэй хүнтэй харьцуулахад илүү ачаалал өгөх учраас төрөхөөсөө өмнө төгссөн чиглэлээрээ ажиллангаа, хоббигоо хөгжүүлж ажил хэрэг юмуу орлого олох эх үүсвэр болгохоор оролдож үзэх төлөвлөгөөтэй байна. Мөн хажуугаар нь нөхөртэйгээ хамтдаа гоё газруудаар аялаж, дурсамж бүтээж, хамтдаа хөдөлмөрлөнө. Нөхөр маань ч хүссэн хоббигоороо хичээллэж, ажлаа хийж, илүү нэмэлт хийж болох зүйлс, орлогоо нэмэхэд анхаарч, ажил дээрээ туршлага хуримтлуулж, гэхдээ амрах үедээ хамтдаа амарч, зугаалж, бие биедээ цаг гаргадаг байхыг хүсч байна. Мэдээж зөрөлдөх, маргах гээд асуудал гарах байх тэр үед нь хоорондоо ярилцаж, ойлголцохыг хичээн, муухай, хурц иртэй үг хэлэхгүй байхыг хичээнэ.


Харин 3-5 жилийн дараа миний төсөөллөөр тэр хүртэлх хугацааны орлогоосоо хөрөнгө оруулалт хийгээд санхүүгийн аюулгүй байдалд хүрч чадна гэсэн итгэл байгаа болохоор хөрөнгө оруулалтаасаа өөрийн хэрэгцээ, хүслээ болгоод, нөхрийн орлого цалингаар гэрээ бас хүүхдүүдээ хангалттай хэмжээнд авч явж болно гэж бодож байна. Хүүхдээ төрсний дараа эхний 2 жил аль болох өөрөө ихэвчлэн харах бодолтой байгаа ч надад жаахан хүнд тусах байх. Тиймээс өөртөө хатуурхалгүй, хайрлаж, цаг гаргаж, нөхрийнхөө чадах хирээр оролцоотой байлгаж хэрвээ би хүсвэл бага цагаар ч гэсэн өөрийн хүссэн ажлаа гэрээсээ ч юмуу хийх бодолтой байна. Нөхөр маань ажлаа хийгээд хамтдаа оройн хоолоо идээд, хүүхдүүдээ харж өгөөд, тэр хооронд би өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийгээд, амралтын өдрүүдээр зугаалаад, хамтдаа гэр бүлээрээ шинэ газраар аялаад, эрүүл хооллолттой, санаа сэтгэл тайван, аюулгүй, хамтдаа жаргалтай байна.

Гэр бүлийнхээ хувьд сэтгэл санаа амар амгалан, чөлөөтэй, үнэн байхыг, бие биенээ хүндэлж, халамжилж, хайрлахыг эрхэм болгоно. Хүүхдүүдээ үнэтэй гэхээсээ илүү эрүүл, зөв орчинтой цэцэрлэгт, сургуульд оруулж, хэтэрсэн их хичээл номоор шахалгүй дэмжиж, өөр өөр зүйл турших, сонирхлоо олоход нь туслахыг хичээнэ. Гэхдээ өөрийгөө бас хосын харилцаагаа марталгүй сэргээж, усалж байх дадлуудыг өөрсөддөө бий болгохыг хичээнэ. Аль болох нээлттэй, чөлөөтэй хүүхдүүдээ сонсож, ярилцахыг хичээнэ. Тэднийг бусадтай болоод хооронд нь харьцуулж, эрэмбэлж, ялгавартай байлгүй чадах хирээрээ эрүүл, зөв сэтгэхүй, сэтгэлзүйн байдалтай, өөртөө итгэлтэй болж өсгөхийг хичээнэ. Номоо уншиж хүүхдүүддээ ч тийм дадал суухад нь нөхөртэйгээ хамтдаа үлгэрлэх болно.

Бэрхшээлтэй зүйл тохиолдоход зөвхөн түүгээрээ нүдээ таглах биш, олон талаас нь харж, ярилцаж, хэрэгцээ шаардлагатай үед мэргэжлийн болон бусад хүний зөвөлгөө, тусламжийг хүлээж авч шийдвэрлэнэ.


Хүүхдүүд томроод бага, дунд сургуульд орох үед гэр бүлдээ анхаарангаа өөрийн хийхийг хүссэн, сонирхсон зүйлээ хийж, судалж, өөрийгөө ч илүү хөгжүүлж, хосын харилцааны цагаа ч жаахан нэмэхийг хичээнэ. Өсвөр нас болон томрох үед нь ч хүүхдүүдээ илүү ойлгож, сонсож, ойр дотно байх болно. Заримдаа нөхөртэйгээ зөвхөн хоёулхнаа шинэ газраар аялаж, ярилцаж, шинэ зүйлсийг төлөвлөж хийцгээнэ. Мэдээж энэ хүртэлх хугацаанд нөхөр маань ч хүүхдүүдээ өсгөхөд идэвхтэй хувь нэмрээ оруулж, ажлаа хйин, тодорхой хэмжээнд санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн, хоббигоороо хичээллэдэг, өөрийн хүсэл сонирхол, чөлөөт цагтай, хүүхдүүддээ ч үлгэр дууриалал үзүүлдэг сайн аав байна. Эхнэрээ ч халамжилж, ярилцаж, цаг гаргаж, ойлголцдог, хамтын чиглэлтэй, эв найртай, жаргалтай гэр бүл байна.”


- 27 настай эмэгтэйн өөртөө зориулан бичсэн захидал


(өөрийнх нь зөвшөөрлийн дагуу нийтлэв)

2022.01.23



Commentaires


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page