"Миний хувьд найз гэдэг хэзээ ч өөрчлөгдөхгүй, насан туршид хамт байх, хамгийн үнэнч хамтрагч гэж ойлгодог байлаа. Түүнээсээ болоод найзуудынхаа зан аашийг өөрчлөгдөхөд хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийн хүссэнээрээ байлгах гэж хүчилж, өөрийн төсөөлөлд байсан хүнээ нэхдэг байлаа. Жишээ нь найз маань бодож байснаас өөр хүн болж таарахад гайхаж, хүлээн зөвшөөрч чадахгүй, яаж харьцахаа мэдэхгүй, яваандаа найзаасаа харилцаагаа таслах ч тохиолдол байдаг байлаа. За тэгээд энэ асуудлаасаа болж өөрөө ч их стресстэнэ. Найз гэдэг чинь надаас тусдаа хувь хүн шүү дээ, тэр хүн хэзээд өөрийн дураар байж, хүссэн зүйлээ хийж, хүссэн зан аашаа гаргах эрхтэй гэдгийг ойлгож байгаа хэрнээсээ л найзуудыгаа өөрчлөгдөхөд их хүндээр хүлээж авна. Энэ байдлаа засч, ойлгохын тулд сэтгэл зүйчтэй хэд хэдэн удаа цаг авч ярилцаж, цаг зав гаргасны эцэст саяхан арай гэж нэг учраа олсон. Найзуудтайгаа харилцах харилцаагаа ойлгоход хамгийн их тусласан зүйлсийг дурдвал: Бүх найзууд яг адилхан биш. Бид гэрийн хувцасаа ажил дээрээ, ажлын хувцасаа гэртээ өмсдөггүй шүү дээ, яг түүнтэй адил найзууд ч бас дотны болон ажил хэргийн холбоотой гээд олон төрөл байдаг гэж сэтгэл зүйч хэлсэн. Жишээ нь: Дотуур хувцасны найз: Энэ нь хамгийн дотны, амин чухал нууцаа хуваалцдаг, чамайг яг байгаагаар чинь хүлээж авдаг найзууд. Энэ ангиллын найз ихдээ л 2,3 байхад л хангалттай байдаг. Гэрийн хувцасны найз: Өөртэй чинь адил сонирхолтой, адил боловсролтой, нэг хэлээр ярьдаг гэх мэт, яриа нийлдэг, хамт байхад тухтай, халуун дулаан мэдрэмж төрүүлдэг найзууд. Ажлын хувцасны найз: Ажил хэргийн шаардлагаар харилцдаг, хоорондоо мэргэжлийн холбоотой, хэт дотно биш найзууд энэ ангилалд хамаарагдана. Жишээ нь ажлын газрын хамтрагчид, хамтдаа төсөл эрхэлж байгаа хүмүүс гэх мэт. Гадуур хувцасны найз: Тэд бол найзын найз, сайн танихгүй ч хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй найзууд. За ингээд найзуудыгаа хэдэнд ангилалд хуваагаад, тэдэнтэй хэр дотно хэмжээнд харилцах хэм хэмжээгээ тодорхойлсон чинь нөгөө стресстүүлээд байсан найзуудын асуудал чинь тийм ч том асуудал биш болж таарсан. Би өөрөө л хэдэн төрлийн найзуудыгаа хольж хутгаад, хэт дотно байх шаардлагагүй хүмүүст хэт их анхаарал тавиад, түүнээсээ бас хариу хүсээд байдаг юм байна гэж өөртөө дүгнэлт хийсэн. Харин найзуудынхаа өөрчлөлтөнд тийм ч их ач холбогдол өгөхөө больсон, угаасаа 30 нас дөхөж байгаа болохоор би болон миний ойр хавийн найзууд бүгд л бие хүн болж, 20 хэдэн настай байсан охидуудаасаа арай том эгч нар, ээж нар болж байгаа болохоор өөрчлөгдөх нь аргагүй юм байна даа гэдгийг хүлээн зөвшөөрч эхлэсэн."
Бичсэн: XoXoXoXo
1 Comment