top of page

Охид ба байгалийн өгөгдөл

Writer: OjinkaOjinka

Би нөгөө хүүхдийн сэтгэлзүйн хүрээнд Монтесорри цэцэрлэгт 3-6 насны хүүхдүүдтэй хэдэн сар ажиллаж байсан талаар та нар санаж байн уу? Өдөр бүр тив тивийн хүүхдүүдтэй олон цаг хамт ажиллаж байх хугацаандаа нэг зүйл дээр маш сайн ажиглалт хийлээ. Эмэгтэй хүн, тэр тусмаа айлын охин үр бүүр багасаа хэн байх нь байгалиасаа өгөгдөлтэйгөө ирдэг талаар тэрүүхэн тэндээ судалгаа, ажиглалт хийлээ. Манай анги 35 хүүхэдтэй. Үүнээс бараг 20нь эмэгтэй. 3-6 насны, үндэстэн үндэстний өөр өөр соёл, хүмүүжил, өгөгдөлтэй охид.


Тэднийг анзаарвал яг л томчуудын ертөнцөд анзаарагдах зан араншин харагдана.

Үүнд:

Асран хамгаалах, хайрлах өгөгдөлтэй охид - энэ төрлийн зан араншинтай охид дуу цөөтэй. Хөдөлгөөн тайван. Орчин тойрноо маш сайн анзаарна. Жишээ нь энд тэнд хүүхэд уйллаа гэж бодоход салфетка бариад хүрээд ирдэг гэх мэт. Хэн хаана гунигтай байна тэнд бусадтайгаа байж чаддаг. Багшийн туслах байх нэн сонирхолтой. Аан бас гэв гэнэт жаахан ааштай. Ямар үед аашлах вэ гэвэл хэн нэгэн үгэнд нь орохгүй байх үед.

Хөвгүүд нарын анхааралд байх дуртай охид - энэ бүлгийн охид бол хөдөлгөөн хурдан, дуу чанга. Хаана хөвгүүд байна тэнд л гүйж явна. Ихэвчлэн хөвгүүдтэй тоглох нь их болохоор байнга тэд нартай тоглоомын хэрүүлтэй. Тэгсэн мөртлөө хэдий дургүй байсан ч өөрт нь таалагдсан эрэгтэй хүүхдэд хамаг юмаа бариад гүйнэ. Нэг бол цаанаасаа эрэгтэйлэг болохоор тэр үү эсвэл зүгээр л эрэгтэй хүүхдүүдтэй байхад тухтай байдаг уу бүү мэд ямартай ч эсрэг хүйстнийхээ хүрээлэлд орохоороо цаанаасаа аз жаргалтай байгаа нь анзаарагддаг. Энэ хэсэг охид харин бусад охидтойгоо таарамж муу.

Ганган, ганган бас ганган байх дуртай охид - энэ хэсэг охид бол байгалиасаа гангарах мэдрэмжтэй бас олны анхааралд байх дуртай. Хамаг гоё юмаа өмсөөд ирдэг. Бусдын нүдийг өөртөө татаж тэндээсээ сэтгэлзүйн таашаал авдаг гэмээр. Бусад охидын оочир дараалал үүсгээд гоё ганган зүйлээ жичтэй үзүүлнэ, хавчдаг ээмгээ зүүж үзүүлнэ гэх мэт. Энэ төрлийн охид их олон найзтай. Гэхдээ гэв гэнэт сэтгэлээр унахдаа хурдан.

Юу ч болж байсан надад хамаагүй ээ гэх охид - энэ хэсэг охид бол үнэнхүү тайван. Бусадтайгаа ямар нэгэн асуудалд орвол тоохгүй шууд хаяад яваад өгнө. Хэдий цэцэрлэг ч гэлээ эд нартаа бол энэ чинь ажлын байр, ангийн найзууд нь бараг ажлын хамт олон. Тийм болохоор янз бүрийн зөрчил энээ тэрээ гарна. Маш биеэ даачихсан бас өөрсдийгөө мэдэрчихсэн гэмээр өөртөө итгэлтэй. Бараг найз байхгүй гэмээр. Энд тэнд өөрөө өөрийгөө болгоод л яваад байгаа харагддаг. Анхаарал шаардсан зүйлд дуртай анзаарагдсан.


За энэ мэт нарийн задлаад бичвэл хуудас хуудас дүүрэн тэмдэглэл болно. Миний гол санаа бол амьдралд эмэгтэй хүн хэн байх нь бараг байгалиасаа өгөгдөлтэйгөө ирдэг гэмээр. Харин амьдралын туршлага, үзэл бодол, боловсрол, орчин хүрээлэл, ар гэр гэх мэт гадаад нөхцөл байдлууд тэрхүү байгалийн өгөгдлийг нь улам дээр өргөж хөгжүүлэх үү? эсвэл улам доош татаж унагах уу? гэдэгт оршиж байгаа мэт.

Хөгжил эсвэл уналт нь хувь хүний болон амьдралын чанарт шууд нөлөөлдөг.


Тиймээс эмэгтэйчүүд бид өнөөдөр би хэн бэ? гэж өөрөөсөө асуухаас өмнө хүүхэд насандаа ямар хүүхэд байсан талаараа эргэн сайн бодох нь чухал.

Сэтгэлзүйн ярианы хүрээнд 0-7 насны хүүхэд насны дурсамжийн талаар маш их ярьдаг. Үнэндээ бидний хайгаад байгаа тэр хүн бидний дотор л байдаг. Цаанаасаа, байгалиасаа өөрийн гэсэн өгөгдөлтэй (зан араншинтай) төрчихсөн байгаа эмэгтэйг өнөөдрийн өөрт төрсөн сэтгэгдлээрээ ийм тийм гэж элдвээр шүүмжлэх бол үнэхээр илүү зан аж.


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page