Өдрийн турш сэтгэлээр унаад цаанаа л нэг идэхвхүй байх үед ер нь яг яах ёстой вэ? Амттан идэх үү? аяга кофи уух уу? эсвэл зүгээр л хий хоосон суух уу? Идэвхгүй байдлыг идэвхтэй болгохын тулд олон долоон зүйл бодох хэрэггүй эсвэл ямар нэгэн урам зоригийн үгтэй подкаст сонсож, бичлэг үзэх бүүр ч хэрэггүй. Зүгээр л бос, ямарваа нэгэн юм хий. Юу хийхээ мэдэхгүй байгаа бол танд доорх 10 аргыг жишээ болгон хүргэе. Яг одоо өөрт тохирох нэгийг сонгоод үзээрэй. 1. Эмх цэгц Шууд их цэвэрлэгээ хийх огт хэрэггүй. Ажил дээрээ байгаа бол ажлынхаа ширээг, гэртээ байгаа бол хамгийн их цаг өнгөрүүлдэг газрынхаа эргэн тойронг жоохон цэгцлээд л болоо. Үгүй ээ, ядаж тос шороог нь арчаад, сэтгэл сэргээх анхилуун үнэртэй лаа асаахад л болно. Эргэн тойрноо нэг хар даа. Цэгцэлмээр зүйл байна уу? 2. Худалдан авалт хийх Муухай өдрийг гялс өнгө оруулдаг зүйл бол худалдан авалт хийх. Үнэтэй зүйл байх огт хэрэггүй. Тэрхэн агшинд сэтгэл сэргээх хөөрхөн бяцхан эд зүйл байж болно шүү дээ. Гол нь өөртөө зориулж авах. Авсны дараа хэрэглэх. Байгальд ээлтэй худалдан авалт хийвэл өөрт сайхан мэдрэмж давхар төрдөг. Мөн хэн нэгэн орлого оруулснаар таны баяр баясал хоёр дахин болж үржигдэнэ. 3. Өөртөө хөрөнгө оруулах Сэтгэл гутралын үед тархины үйл ажиллагааг сайн дэмжиж, ер нь бол тархийг завгүй байлгах хэрэгтэй. Хэдий чинээ тархи их завтай байна, төдий чинээ хар бараан бодол биднийг эзэмдэнэ. Яг л хар үүл шиг. За тэгвэл тархийг завгүй байлгах хамгийн классик арга бол шинэ зүйл сурах. Юу ч байж болно. Жишээ нь гадаад хэл, шинэ хоолны жор гэх мэт. 4. Агаарт гарах Aгаарт гарах гэдэг нь шууд хөдөө явах биш билээ. Эсвэл уул руу ч явах хэрэггүй. Зүгээр гадаа гараад агаар амьсгалангаа ойр зуур ойрхон явган алхах. Гол нь суугаад байж болохгүй. Сэтгэл тавгүй байвал гараад л яв. 5. Уян хатан байх Хамгийн хатуу зүйл бол хатаж гундсан хатуурсан сэтгэл. Бүх боломжийг өөрөөсөө түлхэнэ. Ямар ч боломж байхгүй болохоор бүх зүйлс хуучиндаа. Хатуурсан бодлыг уян зөөлөн болгомоор байвал та бясалгал, иога гэх зүйлтэй илүү ойр байхыг хичээгээрэй. Хэт их стрессэнд зангирсан булчин суларч, хэт их хатуурсан бодлууд зөөлөрдөг. 6. Бүтээлч байх Гар бол нүдэнд үзэгдэх тархи. Гараагаа бид ямарваа нэгэн зүйл хийх бүрд аз жаргалын даавар ялгарч байдаг. Мөн тухай хүнийг тайвшруулж, сөрөг бодлуудыг хязгаарладаг. Бүтээлч байх хүрээнд юу ч байж болно. Жишээ нь зураг зурах, юм нэхэх, оёх эсвэл зүгээр л сайхан гэрийн талх барих гэх мэт. Гол нь гарын арван хуруугаа ажиллуулж амар тайван мэдрэх. Аливаа зүйлийг мэдэрч байна гэдэг нь та сэтгэл зүрхээ сонсож байна аа гэсэн үг. 7. Нүүдэл Байгаа газрынхаа тавилга болон жижиг сажиг зүйлүүдийнхээ байршлыг нэг солиод үзээрэй. Эсвэл цаг зав гаргаж байгаад гэрийнхээ дотоод тохижилтыг өөрчлөх. Орчин солигдох тэрхэн агшин бидэнд шинэ мэдрэмж өгч, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Нүүлгээд байх сүртэй зүйл олдохгүй байгаа бол зүгээр л сайхан амьд цэцгийн баглаа тавиад нэг хараарай. Орчин тань өөр болсон байх болно. 8. Шинэ санаагаа ажил болгох Хавар ихэнх хүмүүс сэтгэлээр унадаг нь Шинэ оны амлалт, 1-р сарын 1нд тавьсан зорилгодоо олон шалтгаанаас болоод хүрч чадахгүй болохоор сэтгэлээр их унадаг. Гэхдээ танд дуулгах сайхан мэдээ байна. Өдөр бүр шинэ өдөр, шинэ эхлэл. Удаан бодож байгаа ажлаа заавал шинэ сар, шинэ он гарахаар гэж хойш тавилгүй одоо л эхлүүл. Аан тийм, эмэгтэйчүүд харин Сарны хэмнэлээ анзаараад нэг үзээрэй. Яалт ч үгүй эмэгтэйчүүдэд New Moon - Full Moon хэмнэл шинээр ажил хэрэг эхлүүлэхэд нөлөөлдөг билээ. Амьдралаа хуалигийн биш байгалийн хэмнэлээр нэг төлөвлөөд үзээрэй. Шинэлэг мэдрэмж байх болно. 9. Ном унших Хүн бүр янзан бүрийн шалтгаанаар ном уншдаг. Зарим нь ном шагайх зав байхгүй гэх мөртлөө хэдэн цаг хий дэмий утсаа маажчихсан байдаг. Электрон төхөөрөмж бидний нүд болон сэтгэлийг ядраана. Харьцуулалтаар дүүрэн энэ сошиал ертөнц хүнд амар амгалан гэхээсээ илүүтэйгээр аягүй тухгүй мэдрэмжийг их өгдөг. Харин ном унших нь энэ олон чимээ ихтэй гадаад ертөнцөөс өөрийгөө хэсэг зуур тусгаарлаад, хорвоогийн өнгө төрхийг арай өөрөөр харах боломж юм. Мөн ном тогтмол уншдаг дадалтай бол та хэзээ ч ганцаардал, айдас гэх мэдрэмжийг өөртөө авахгүй билээ. Цүнхэндээ нэг номтой явж байгаарай. Сэтгэл таагүй бол хоёр гурван хуудас уншаад үзээрэй. Дороо сэргээд ирнэ. 10. Оршихуйгаа хүндэл Хэт их сэтгэлийн зовуур, амьдрал ажлын ачаалал гээд өдөр бүр биднийг тухгүй байлгадаг хүчин зүйлс биднийг бие сэтгэл, махбодоор үнэхээр их ядраадаг. Дэндүү их ядарч туйлдсан байдал бидний үнэндээ хэн ч биш болгодог. Өөрийгөө хэн ч биш гэж бодож эхэлсэн тэр л цагаас бид ёроолгүй гүн сэтгэлийн гутралд живж эхэлдэг. Тиймээс юу ч болсон бай "Амь биш, заяа биш" гэж бодоод тухайн асуудалд хэт их ач холбогдол өгөхгүйгээр, өөрийгөө хайрлаж хүндэлж, сонсож байж шийдвэрээ гаргаарай. Хэцүү өдөр байвал өөртөө гуравхан минут зарцуулаад нэг сайхан гүнзгий амьсгалаад үзээрэй. Чин сэтгэлээсээ өөрийгөө нэг мэдрээд мэдрээрэй. Асуудал арай өөр болж харагдана.

Comments