top of page

Та бол өөрөө өөрийнхөө аз жаргалын түлхүүр

Writer: OjinkaOjinka

Хүн бүрийн туйлын хүсэл бол амар амгалан, аз жаргалтай байх. Гэвч бидний амар амгалан, аз жаргалтай байх гэх тодорхойлолт харилцан адилгүй. Амьдралын туршлага болгоноос шалтгаалаад өөр өөр. Гэхдээ тэр олон өөр өөр зам нэг л зүйл рүү тэмүүлдэг. Дахиад л нөгөө сэтгэлийн амар амгалан, аз жаргал. Хүн гэх бодгалийн мөн чанар бол амьдрал гэх аялалд насан туршдаа аялж, хорвоо ертөнцтэй танилцаж, өөрөө өөрийгөө танин мэдэж, бусдыг ойлгож хайрлаад буцдаг юм болов уу гэж боддог. Энэ хорвоод мэндэлсэн маань заавал нэг гүн утга учиртай байгаа. Түүнээс зүгээр хүн амын тоог нэгээр нэмэх гэж энэ хорвоод мэндлээгүй гэж боддог. За тэгвэл бидний тэр амьдралын утга учир юу вэ? Tа мэдэх үү? Ном бичээд, мод тариад, үр удмаа үлдээх үү? эсвэл арай өөр зүйл үү? Та энэ талаар боддог уу? Би хувьдаа 21 наснаасаа хойш энэ талаар дандаа бодож ирсэн. Гэвч амьдрал гэх ааш нь үл олдох аялалд удаан аялж, амьдралын эрээн бараан, хүмүүсийн сайхан муухайг таних тусам амьдралын утга учрын тухай бодлууд маань хувьсан өөрчлөгдөж ирсэн. Амьдралд ам гарч болдоггүйг, хүнийг ийм тийм гэж дүгнэж болдоггүйг гэх мэт их зүйл танин мэдэх тусмаа нөгөө хайгаад байсан амар амгалан, аз жаргал маань бусдаас биш надаас өөрөөс мань шалтгаалах асуудал байсан юм байна гэдгийг ухаарсан.


Ингээд би гадагшаа биш дотогшоогоо өнгийж эхэллээ. Тэгсэн хүний дотоод цөм өөрөө тэр чигээрээ аз жаргалын уурхай байсан байна. Нэг хөөрхөн сургамжид үлгэр байдаг. Бурхан хүнийг бүтээчхээд аз жаргалыг нь хаана нуух вэ гэж бодож. Учир нь аз жаргалаа хайж олох нь хүний гол зорилго байж. За, тэгээд Бурхан бодож гэнэ. Хайгаад хайгаад олохгүй газар аз жаргалыг нь нууя гэж. Гэвч олигтой нуух газар олсонгүй гэнэ. Тэгсэн мэргэн санаа төрч. Аз жаргалыг нь хүний дотор нуух. Энэ мөчөөс хойш аз жаргалыг хүнийхээ дотор нь нуучихсан байж. Харин хүн нөгөө аз жаргалаа гаднаас хайсаар ...


Би бас амар амгалан, аз жаргалтай байхаар шийдсэн. Энэ удаад бүрэн төгс утгаараа буюу дараах долоон зүйлд өөрийн эрдэм мэдлэг, цаг хугацаа, хүсэл зорилгоо зориулахаар боллоо.


1. Харилцан уялдаатай байдал

2. Эрүүл мэнд

3. Хайр

4. Аз жаргал

5. Амар амгалан, энх тайван

6. Хангалуун байх

7. Аюулгүй байх


Дээрх 7 зүйл нь дотроо хэд хэдэн хэсэгт задарна мөн өөртөө нутагшуулах арга зүй нь өөр хоорондоо ондоо. Тиймээс өргөн хүрээнд амьдралын олон талын мэдлэг, мэдээлэл, мэдрэмжтэй болох юм байна. Ингээд сонирхолтой амьдралын аялалд гарлаа.


Миний бичсэн энэ бичвэрээс та бас өөртөө санаа аваарай (мэдээж, хэрвээ хүсвэл).


Аз жаргал, амар амгалан байх тухай та тухтай нэг бодоод үзээрэй. Үзэг цаас нийлүүлээд өөрөө өөртэйгөө нэг ярилцаад үзээрэй. Мөн ямар амьдралын замаар өөрийн аз жаргал, амар амгаланд хүрэх аргаа ч мөн адил бичээд нэг үзээрэй. Сонирхолтой олон сайхан санаа таны дотоод мэдрэмж, өөрийн оюун бодлоос тань төрж гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Учир нь та бусдаас илүү өөрөө өөрөө мэднэ бас мэдэрнэ. Та бол өөрөө өөрийнхөө аз жаргалын түлхүүр.




Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page