ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭХ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ баярын энэ өдөр урмын сайхан үгээр уянгалах гэсэн чинь үг эвлэдэггүй бас сэтгэл хүрдэггүй. Яагаад вэ гэвэл нэгхэн өдрийг сайхан бүхнээр дүүргэх гэсэн хүсэл (оролдлого) эсвэл эмэгтэйчүүдэд зориулсан баглаа цэцэг, хайрцаг шоколад зарах гэсэн нэг тийм арилжааны чанартай өдөр жил ирэх тусам өргөн болоод байгаад дотроо гунигтай байгаа. Тиймээс үг, сэтгэл хоёр эвлэхгүй байгаа байх. Хувьдаа бодохдоо энэ өдөр охид, эмэгтэйчүүд маань өөрийн төрөлх үнэ цэнээ мэдэрч, зүрхэндээ байгаа тэр л хайр, бодолдоо оршиж байгаа тэр л төрхөөрөө өөрөө өөрийгөө илэрхийлээсэй гэж хүснэм. Байгаагаараа бусдад хайрлагдаж, байгалиараа бусдыг хайрлаж, амьдралын эрээн бараан, сайхан муухай бүхий л үед өөрөө өөрийгөө алдахгүй, дотоод ертөнц, гадаад дүр төрхөө зөвхөн өөрийнхөөрөө бүтээгээсэй гэж бас хүснэм. Өөрөө өөрийгөө олох тэр замдаа байгальд дэлхийтэйгээ ойр байж, үргэлж хувьсах байгалийн хэмнэлт өөрөө өөрийгөө анзаарч, энэ хорвоо дэлхий дээр мөнхийн настай зүйл байдаггүйг бодоосой. Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг жамтай юм байна. Тэр өөрчлөлт нь өөрөө хамгийн тогтвортой бас үнэн бодит оршихуй юм байна. Байгалийн энэ хэмнэл мөн адил амьдралын хэмнэл. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн амьдралын хэмнэл. Учир нь эмэгтэйчүүдийн амьдрал дандаа өөрчлөлт дунд өрнөж байдаг. Анхны сарын тэмдэг, анхны шөнө, анхны жирэмслэлт, анхны зулбалт, анхны төрөлт, анхны цэвэршилт гэх мэт дахин эргэн ирэхгүй анхны гэх олон тохиолдол, үйл явдлаар эмэгтэйчүүд бидний амьдрал өрнөдөг бас өөрчлөгддөг. Хэдий энэ бүхэн хорвоогийн жам мэт боловч байгалийн хуулиар бидэнд заяагдсан хүч. Тиймээс эмэгтэй хүний сэтгэлийн хүч тэнхээ байгаль суурьтай, хорвоо дэлхий ертөнцтэй холбогдох увдис чадалтай. Энэ бол зүгээр нэг эзотерик зүйл биш билээ. Гол санаа маань эмэгтэй та өөрийгөө өөрийнхөө байгалиасаа өгсөн хүч чадлаараа өөрчилж, анагааж, дахин бүтээж чадна. Өнөөгийн энэ хурдтай нийгэмд нэгхэн өдрийн баяраар сэтгэлээ битгий хуураарай. Өдөр бүр таны баяр мэтээр өөрийгөө бас бусдыг хайрлаарай. Аз жаргалтай эмэгтэйг бүтээх гарын авлага, жор байхгүй. БҮГД ТУС ТУСДАА ӨӨРИЙНХӨӨ ЗААВРААР ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭХ сэтгэлийн хүчтэй энэ хорвоо дээр мэндэлсэн болохоор та өөрийгөө л бүтээ. Эцсийн бүтээл нь заавал төгс эмэгтэй байх албагүй. Эмэгтэй хүн ийм, тийм байх ёстой гэсэн догмад баригдах хэрэггүй. Таны дотор ямар эмэгтэй байна, тэр эмэгтэйг л та гаргаж ир, бусдад харуул, өөрийгөө мэдэр. Жоохон эрх танхил бүсгүй, тачаангуй энхрий янаг эмэгтэй, бүхнийг бусдын төлөө гэх ээжий дүр эсвэл зоригтой баатарлаг нэгэн гээд таны дотор хэн байна түүнийгээ л нээ. Тодорхой хугацаатай танд олдсон энэхүү амьдрал бол зөвхөн таных. Ингэсэн бол, тэгсэн бол гээд харамсаад суухад дэндүү хайран сайхан амьдрал. ''Та нар намайг мэдэхгүй, тавилан намайг мэднэ. Нүүр дүүрэн үрчлээстэй болсон байхад нүгэл, буян хоёр намайг хайрлана'' гэж хэлээд өөрийгөө зоригжуулаарай. Танд сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсье.
