Мэдээ үзэж сууж байлаа. Нэг хөөрхөн хүү яриа өгч байна. "Манай гэрийнхэн намайг салга бас бүтэлгүй гэдэг юм оо. Тэгээд л би салга бас бүтэлгүй. Жишээ нь өнөөдөр би бэлийгээ хаячихсан оо" гээд сурвалжлагч хүүхэн рүү хараад нүдээрээ инээв. Хүүг гэрийнхэн нь салга, бүтэлгүй гэж хэлсээр байгаад хүү бүүр дүрдээ орчихсон бас өөрийгөө хүлээн зөвшөөрчихсөн байгааг хараад өөрийн эрхгүй гунигт автлаа.
Хүмүүс бидний талаар юу гэж хэлнэ бид хүссэн, хүсээгүй түүнд итгэдэг. Цагийн эрхээр хүлээн зөвшөөрдөг. Бидэнд итгүүлсэн бодлын програмаар цааш амьдардаг. Яагаад заавал бусдын хэлснээр гэж? Яагаад гэвэл хүн өөрийнхөө тухай бодох нь буруу. Өөрийнхөө тухай их бодох юм бол өөрийгөө их юманд бодож эхэлнэ. Адгийн хүн биеэ магтана гэдэг шиг өөрийнхөө тухай бид болж өгвөл юу ч бодохгүй байх хэрэгтэй. Бусдын үгийг сонс. Үг авах чадвартай, муухай үг даах бүүр сайн чадвартай бай!!! Tийм ээ, энэ бол биднийг хүслээрээ удирдаж, амьдрал руу дуртай үедээ орж элдвээр хэлэх, чиний л төлөө хэлж байна гэх нэр доор хувийн үзэл бодлоо тулгаж биднийг хэн ч биш болгодог хүмүүс хоорондын харилцаа. Энэ хортой харилцааг хүн бүр дор бүрнээ хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Тиймээс өөрийнхөө болон бусдын талаар бид ихэнхдээ тийм ээ ихэнхдээ дандаа сөрөг зүйл боддог. Сайхан зүйл бодоx дадал хэвшил бидэнд бараг байхгүй.
Бодол бүхэн бүтээлч. Юу бодно биеллээ олдог. Энэ бол амьдралын хууль. Үг, үйлдэл бүхэн бодлоос эх авдаг. Сайхан зүйл бодох болгонд сайхан зүйл тохиолдоно. Тиймээс та бусдын юу бодох биш өөрөө юу бодож байгаа дээрээ төвлөрөхийг хичээгээрэй. Өөрийнхөө төлөө өөрийнхөө талаар алхам тутам сайхан зүйл бодож байгаарай. Ингэж чадсаны дараа бас бусдын талаар сайхан зүйл бодож, сайхан үг хэлж байхыг хичээгээрэй. Хамгийн дургүй хүнийхээ талаар ч болж өгвөл эерэг зүйл бодохыг бодоорой. Эерэг бодлоор дүүрэх оюун бодол өөрөө амар амгалан байдаг шүү дээ.
Өдөр бүр өөрийнхөө талаар сайхан зүйл бодож, нүүрэндээ хөнгөн мишээлтээр дүүрэн байхыг хүсье :)

Comments