"Бага байхын л аавынхаа хайр энэрэл, анхаарал халамжийг өөртөө татах гэж их хичээдэг хүүхэд байсан. Аавдаа л тоогдож, аавдаа таалагдаж байвал боллоо гэсэн зорилготой аавынхаа араас их гүйдэг байлаа. Харин өнөөдөр би нас биед хүрсэн айлын эхнэр хүн. Нэг мэдсэн нөгөө аавынхаа араас гүйдэг байсан жаахан охин нөхрийнхөө араас гүйдэг эхнэр болон өөрчлөгджээ. Нэг л их нөхрийнхөө сэтгэл, анхаарал, халамжийг горьдсон хүн. Нөхөр маань л намайг аз жаргалтай болгох юм шиг бодол сэтгэлд улам гүнзгий суусаар. Энэ нөхцөл байдал цаг хугацаа явах тусам улам намайг аз жаргалгүй болгож байна. Одоо би яах вэ? Хэрхэн энэ нөхцөл байдлаас гарах вэ?'' гэх асуултын дагуу дараагийн зөвлөмжийг бичье. Нэг хүний асуултаар бусад хүний асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул маш ерөнхий зөвлөмж бичлээ. Зөвхөн мэдээллийн чанартай хүлээн авна уу.
За дээрх гэр бүлийн нарийн харилцааны асуудлыг бид ихэвчлэн уур бухимдал, гомдол харуусал, үзэн ядалт гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлөөр шууд шийдэж, өөрөө өөрийгөө хохирогчийн дүрд итгүүлж, Яагаад би дандаа араас нь гүйж, сэтгэл горьдох хэрэгтэй юм бэ??? гэсэн асуултыг өөрөөсөө асуудаг. Гэвч сэтгэл гэх эрхтэн уур хорслоор эмчлэгддэггүй. Сэтгэлийг шархлуулаад байгаа тэр ''өргөсийг'' эхлээд хүлээн зөвшөөрч, сэтгэлийн өвдөлтийг өөртөө хүлээн авч, шархалсан байгаа сэтгэл зүрхээ хүлээн зөвшөөрнө. Энэ хэсэг хамгийн хэцүү хэсэг. Хүмүүс бидний өөртөө хүлээн зөвшөөрч чаддаггүй хэсэг. Гэхдээ шархалсан сэтгэлийг анагаах хамгийн чухал хэсэг бол энэ хэсэг. Яагаад? яагаад гэвэл уур хорслоо эхлээд дарж байж дараагийн алхамд орно. Зүйрлүүлж хэлбэл аливаа шархийг эхлээд сайн цэвэрлэж байж дараа нь тохирсон эмчилгээг хийдэг шүү дээ. Харин тэр цэвэрлэх явц бол хамгийн их өвддөг хэсэг. Гэхдээ анагаах процессын хамгийн эхний үе шат.
Аливаа асуудлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн тэр цагаас уур хорсол л замхарч эхэлдэг. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь бууж өгөөд, асуудалтайгаа эвлэрнэ гэсэн үг огт биш. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь асуудалтайгаа тэмцэлдэхээ болино гэсэн үг. Энэ бүхний дараа цээж дүүрэн амьсгаа авч тайвширна. Тайвширсан сэтгэлийн араас ямар үед шат ирэх вэ? Хоосон сэтгэлийг дүүргэх процесс. Айн? Яаж? Өмнө нь авч байгаагүй тэр мэдрэмжийг яаж өөртөө бий болгож сэтгэлээ дүүргэх вэ? Ааваасаа, нөхрөөсөө хүсээд байгаа тэр анхаарал хайрыг яаж би өөртөө бий болгох вэ? гэх мэт олон бодлууд танд орж ирж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм ээ, рационал бодлоор ухаж бодохоор боломжгүй мэт. Ухаж, задалж бодох тусам бүүр ч боломжгүй мэт. Гэхдээ танд гэж хэлэхэд та өөрөө өөрийнхөө сэтгэлийг бусдаас үл хамааралтайгаар дүүргэж чадна. Ингэхийн тулд эхлээд та өөрөө өөрийгөө танин мэдэж, үргэлж өөрийгөө хөгжүүлж, юунд дуртай/дургүй байгаагаа мэдрэх, ямар нөхцөлд аз жаргалтай, амар тайван байгаагаа танин мэдэх гээд өөрөө өөрийгөө эхлээд судална, шинээр нээнэ. Өөрийгөө олсон тэр цагаас та өөрчлөгдөж эхэлнэ. Та өөрчлөгдөж байгаа тэр мөчөөс таны хажууд байгаа хүмүүс бас өөрчлөгдөнө. Хүнийг өөрчилж болохгүй, харин хүнд нөлөөлж болдог. Тэр нөлөөлөл нь цаад хүндээ бас өөрчлөлт давхар авчирдаг гэж бид дандаа ярьдаг. Өөрчлөлтөөс харилцааны өөр өнцөг, өөр бодол, өөр амьдралын хэв маяг урган төрдөг. Нэг ёсондоо бие биеэ дахин шинээр нээх боломж олддог. Шинэлэг бүхнээс магад та хүсэж байсан зүйлээ олох боломжтой.
Төгсөлт нь дахин хэлэхэд аливаа нэгэн төвөгтэй асуудлыг шийдэхдээ юуны түрүүнд тухайн асуудлаа өөртөө хүлээн зөвшөөрнө. Асуудалтайгаа тэмцэхгүй. Хүлээн зөвшөөрсний дараа уур хилэн, тэмцэл, хорсол алга болно. Энэ үед дараагийн үе шат бол аливааг өөр өнцгөөс харах, өөрийгөө танин мэдэх, өөрийгөө шинээр нээх, өөрөө өөртөө өөрчлөлт авчирна. Та өөрөө өөрчлөгдсөн цагаас таны эргэн тойрон өөрчлөгдөнө.
Мөн тэр танд эргэн дурлана. Өөртөө хайртай эмэгтэй бүхний хайрыг өөртөө татдаг.

Comments