Уйлах муу. Битгий уйл. Сэтгэлээ барь, сэтгэлийн тэнхээтэй бай. Цог золбоотой бай! Хүн шиг бай (хамгийн ойлгомжгүй зөвлөгөө. Яг ямар хүн шиг байх юм бэ?! Өөрөө өөрийнхөөрөө л баймаар байна) гэх мэтээр бид уйлж байгаа нэгэндээ бид зөвлөдөг. Сайн муу санасандаа ч биш нөгөө л өөрсдийнхөө сурсан, мэдсэн, арга байрлалаараа тайвшруулах гэсэн санаа. Гэвч энэ уудам амьдралд уйлмаар байвч уйлах булан хааяа олдоггүй шүү дээ. Хэн нэгний нулимсыг хараад бид хамгийн түрүүнд муу юм боддог болохоор хүнд хүссэн үедээ сэтгэлээ сэргэтэл уйлах боломж гардаггүй. Сэтгэл зүйн зөвлөгөөний хүрээнд олон олон үйлчлүүлэгч нар маань уйлдаг. Харин би тэднийг уйлаад дуусах хүртэл нь чимээгүй хажууд нь хань болж суудаг. Уйлах гэдэг сэтгэл хөдлөлийн илрэл. Яагаад бид уйлах хэрэгтэй вэ? - буруу хүмүүсийн алдаанаас үүссэн сэтгэлийн шархийг эдгээх - гаднын нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалах - өөрийн дотоод хүчээ дуудах гэх мэт дээрх гурван байдлаар түүхийн туршид нулимсыг эрт цагаас бэлгэдлийн чанартай хүлээн авдаг байжээ. Эмэгтэй хүний амьдралд хайртай хүн, гэр бүл, найз нөхөд нь байсан ч өөрийн эрхгүй уйлмаар, уйлмаар бас уйлмаар байх цаг үе байдаг. Уйлах нь сэтгэлээ эдгээх, гаднын нөхцөлөөс өөрөө өөрийгөө хамгаалах мөн дотоод сэтгэлийн хүчээ дуудаж байгаа нэг хэлбэр ч байж болно. Нулимс бол шархалсан сэтгэлийн цоорхойгоор урсах шингэн дусал. Хэдий аймшигтай мэт сонсогдож байгаа ч уйлсны дараа тайвшрал ирдэг буюу нулимс биднийг харанхуйгаас сэрээдэг. Энэ уйлмаар байдаг цаг хугацаа мөнхийн настай биш. Сэтгэл юу хүсэж байгаагаа мэдэрсний дараа, ухаарал амьдрал ирсний дараа бид үргэлж уйлах шаардлагагүй болно.
Яг юу хүсээд байгаагаа, яг яах ёстойгоо илэрхийлж чадахгүй болохоороо бид уйлдаг. Яг л хүүхэд шиг. Учир нь уйлах гэдэг нь хүний хамгийн анхдагч харилцааны хэлбэр. Үгээр, үйлдлээр илэрхийлж чадахгүй болохоороо уйлдаг. Насанд хүрсэн хүний хувьд амьдралын ээдрээтэй замд төөрсөн, бусдад гомдсон гэх мэт шалтгаанаар уйлах нь их. Гол санаа нь хүний амьдралд утга учиргүй уйлмаар болох цаг үе байдаг. Тэр үеийг өөртөө хүлээн зөвшөөрөх нь хамгаас чухал. Амьдралд тохиолдлын зүйл гэж үгүй. Бүх зүйлс өөр өөрийн гэсэн учир шалтгаантай. Уйлах хүртэл өөрийн гэсэн шалтгаантай. Гол нь сэтгэлээ хэт их барьж, өөрөө өөрийгөө бүү хорь.

Comentarios