Эрүүл сэтгэл зүйтэй л юм бол ... ухаантай л юм бол ... ийм л юм бол, тийм л юм бол БИТГИЙ УУРЛА. Уураа тэвч. Ухаан муутай хүн ууртай гэх мэт янзан бүрийн санал бодол бид бүгд хаана нэгтээ сонсож байсан. Чухам "Хатан ухаанлаг" байх гээд уурaa тэвчээд, бариад, хориод болж өгвөл мартаад, уурлах бодит шалтгаан байгаад байхад юу ч болоогүй юм шиг суугаад байх ер нь яг хэнд хэрэгтэй юм бэ? Уурламаар байвал уурлаж бай л даа. Гэхдээ уурлахаасаа өмнө жоохон хэдэн зүйл хамтдаа сонирхъё. Магад хожмын өдрүүдэд ухаангүй биш ухаантай (ухамсартайгаар) уурлаж сурах ч юм билүү хэн мэдлээ.
Уур бол сэтгэл хөдлөлийн процесс. Яг л физиологийн процесс шиг. Эхэлнэ, дуусна. Тодорхой хугацаанд үргэлжлэх явц. Хүмүүс уур бухимдлаа нэр доор (газар дээрээ дүрс хийж уурлах) эсвэл аажмаар (үйл явдлаас хойш эргэцүүлэн бодсоны дараа уурлах (бодоод байсан чинь бүүр уур хүрчихлээ гэж ярьдаг шүү дээ)) гаргацгаадаг. Уур бухимдлаа гадагш илэрхийлж гаргахгүй бол дотогш буглаж бугшсаар биеийн хаа нэгтээ хуримтлагдаж, ямар нэгэн өвчин, эмгэг болдог. Өвчин бол эзэндээ гомдсон эд эсийн мэдээлэл (психосоматик) гэж ч үздэг. Нийгмийн болон гэр бүлийн соёл, уламжлал бидэнд төдийлөн уур бухимдлаа хэрхэн зөв илэрхийлэх мэдлэгийг зааж өгөөгүй. Уурлах эрхгүй мэт, зөвхөн тэвчиж өнгөрөөх нь чухал мэтээр ойлгуулдаг. Тиймээс цагийн явцад уур бухимдал нь гомдол дургүйцэл, тунирхал бухимдал, шанал болон хувирдаг. Удаан хугацаанд үргэлжлэх сэтгэлийн хөндүүр. Уур бухимдал болох энэхүү сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргах нь чухал. Илэрхийлэгдээгүй сэтгэл хөдлөл хожим хойно заавал гарч ирдэг. Гэхдээ маш хүнд хэлбэрээр (жишээ нь сэтгэл гутрал). Арга билэг, сайн муу, сайхан муухай хослох энэ амьдралд бид баяр хөөрийг хүлээн зөвшөөрч байгаа бол мөн адил уур бухимдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй билээ. За ингээд хэрхэн ухаантай, ухамсартайгаар уур бухимдлаа илэрхийлэх талаар ярилцъя. Асуудал болгонд эерэг бас эсрэг арга замууд байдаг. Тэгвэл уур бухимдлаа илэрхийлэхдээ бид эхлээд эерэг замыг сонгохыг хичээе. Үүнд: - уур хүргэсэн хүнтэйгээ нээлттэй, илэн далангүй ярилцаж, хоригдмол, баригдмал сэтгэл хөдлөлөө илэрхийлэх. Жичээ нь "Би чамд уур хүрч байна. Яагаад гэвэл ...." гээд тодорхой учир шалтгаанаа хэлнэ. Амьдрал бол "Аяыг таа!" биш шүү дээ. Та хэлэхгүй л бол цаад хүн мэдэхгүй. Магад энэ агшинд та бодож байгаа байх. Хэлээд ч нэмэр байхгүй ээ!!! тэгвэл энэ бол таны л дүгнэлт. Учир нь цаад хүн таныг яагаад уурласан талаар мэдэж байж тантай эргээд эв зүйгээ олно. Мэдээж хоёр талаас хүсэж байвал. - хэрвээ цаад хүнтэйгээ ярьмааргүй байгаа бол толинд харж байгаад нөгөө уурыг чинь хүргэсэн хүнтэй ярьж байгаа мэт ярих арга. Толинд нүдээ сайн харж байгаад яриарай. Хэрэв ингэж чадахгүй бол хамар эсвэл ам руугаа харахыг хичээгээрэй. Гол нь яг юунаас болоод уурласныгаа илэрхийл. - хүн хүний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга зам өөр өөр. Зарим нь хэлээд тайвшрах бол зарим нь бичээд тайвширдаг. Уурласан хүндээ үзэн ядсан, гомдсон захиа бичээд, түүнийгээ шатааж болно. - үгээр биш үйлдлээрээ уур бухимдлаа илэрхийлдэг бол дэр цохих эсвэл гэрээ зад цэвэрлэх, усанд орох, гүйх гэх мэт зүйлс хийж болно. Гол нь хоёр зүйл байна. Яг юунд уурлаад байгаагаа тодорхойлох. Уур бухимдлаа сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлж гаргах. Тэвчих бол шийдэл биш. Хүн уур бухимдлаа бүр мөсөн тайлснаар өмнөхөөсөө хамаагүй илүү тайван, амар амгалан болдог. За, тэгээд уур бухимдлаа илэрхийлээд тайвширсан бол дараагийн процесс бол уучлах. Тэд танаас уучлалт гуйх биш та тэднийг уучлах. Өршөөж уучилна гэдэг таны хувьд эрх чөлөөг авчрах эхний алхам. Уучилж, өршөөж чадахгүй бол сөрөг, үр ашиггүй бодол байнга төрж, та л эрүүл мэнд, оюун санаагаараа хохирно. "Одоо надад дахиж дурсаад, нэхэж гомдлоод байх хэрэг алга. Бүх зүйл дууссан. Би чамайг өршөөлөө, тавьж явууллаа. Одоо би эрх чөлөөтэй." гэж хэлэх дасгалыг өөртөө хэлж болно. Уур бухимдлыг уучилж явуулсан орон зайд хайр энэрэл ирэх боломж бий болдог. Зарим нөхцөлд уурлах гэдэг нь хэн нэгний зөвхөн муу зуршил болчихсон байдаг. "Би уурлавал асуудал минийхээр шийдэгдэнэ" гэсэн жаахан хүүхдээс ялгаагүй. Хүүхэд өөрийгөө илэрхийлэх арга зам хязгаартай байдаг болохоор асуудлыг уурлах, уйлах замаар шийддэг. Харин нас биед хүрсэн хүн үг, үйлдлээрээ шийдэх боломжтой. Тиймээс дахиад л сануулахад яг яагаад, юунд, ямар нөхцөл байдал уурлаад байгаагаа ухамсартайгаа анзаарч байгаарай. Зөв анзаарсан тэр цагт зөвөөр илэрхийлэх боломжтой. Мөн өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. - яагаад би хамгийн түрүүнд уурлахыг сонгоод байна? - уур хүргэсэн нэг тохиолдлын дараа дахин уурлах ямар нөхцөлийг би үүсгээд байгаа юм бол? - ингэж уурлах нь миний амьдралдаа хийж чадах ганц сонголт бас ганц алхам гэж үү? - энэ их уур бухимдлаараа би хэнийг шийтгэж, хэнийг хайрлаж байгаа юм бэ? - бусад хүмүүс намайг уурлуулах шалтгаан нь би өөрөө байсан юм биш биз? - Би яг хэн вэ? би юу хүсээд байна? Яавал би аз жаргалтай болох вэ? Бидний амьдралын алхам бүрт тохиолдож буй үйл явдлууд бүгдээрээ сургамж хожим бидэнд хэрэг болох туршлага. Уур бухимдал хүртэл нэг хэлбэрийн сургамж бас туршлага. Хамгийн гол нь түүнийг бий болмогц зөв таньж, илүү эерэг, эрүүл байдлаар илэрхийлж сурах нь бидний сэтгэлийн боловсролын хэмжүүр билээ.

Comments