Эцэг хүний хайр, ээж хүний хайр хоорондоо ондоо гэдгийг бид бүгд мэддэг, гадарладаг, анзаардаг мөртлөө яг нэг үгээр тайлбарлаад хэлэх гэхээр нэг л эвээ олдоггүй тийм, ээ?
Нэгэн энгийн бөгөөд амьдралтай жишээнээс яг юу хэлэх гээд байгаа санаагаа ойлгуулахыг хичээе.
Хүүхэд ээжтэйгээ хамт уралдаж гүйлээ. Ээж нь хүүхдээ баяртай байхыг харах гээд худлаагаасаа хожигдов. Хүүхэд ч ээжээсээ хурдан гүйгээд түрүүллээ гээд бөөн баяр.
Хүүхэд аавтайгаа мөн адил уралдаж гүйлээ. Аав нь хүүхэдтэйгээ ан мана үзэж, илт давуугаар хүүхдээ гүйцэж хожлоо. Хүүхэд ч бөөн уур бухимдал. Хүүхдээ бухимдалтай байгааг харсан ээж аавд нь бас уурлана. Хүүхэдтэйгээ жинхэнээсээ тоглоод байгаа юм уу чи одоо?! гээд зэмлэнэ.
Энэ жижигхэн жишээнээс харахад эхийн сэтгэл үргэлж үрийнхээ талд. Үрийнхээ сайн сайхан, таатай бүхий л бололцоог нь хангаж байж өөрөө давхар сэтгэл амар тайван байна. Харин эцэг хүний хайр арай ондоо. Амьдрал бол хатуу тоглоом. Хэн ч ЭХИЙН СЭТГЭЛЭЭР ЭВИЙ ДЭЭ гэж хандахгүй. Цагаа тулбал бүгд амьдрал дээр өөрөө өөрийнхөө хүч чадвар, оюун ухаан, эр зориг, эрх тэгш байдлаараа ялгаргадаг. Нийгмийн бас байгалийн хууль. Энэ хуулийн дүрмийг эцэг хүн үрдээ зааж өгдөг. Тийм болохоор хааяа бидний нүдэнд эцэг хүний хал нь гаднаа, хайр нь дотроо мэт харагддаг.
Ээж, аавынхаа хэнд нь илүү хайртай вэ? гэх асуулт энэ хорвоогийн хамгийн мунхаг асуулт. Хүүхдийг маш их төөрөгдөл, стресст оруулдаг асуулт. Хариулт үгүй асуулт. Харин энэ асуултын оронд эх, эцгийн үрээ гэх хайрын хэл өөр өөр байдгийг ойлгуулах нь чухал.
Хорвоогийн үнэнийг хүүхэд эцэг, эхээсээ эхэлж мэдэх эрхтэй.

Comments