Гэрт хүүхдийн гингэнэх чимээ сонсогдов. Уйлагнаж байгаад чимээгүй болчихно байх гэсэн бодол төрлөө. Хэсэг анзаарахгүй өнгөрөв. Хүүхдийн уйлах чимээ улам чанга боллоо. Тоохгүй байх тусам улам чанга орилж уйлна. Яг ямар шалтгаанаар яагаад уйлаад байгаа нь тодорхойгүй. Магад таны анхаарлыг өөртөө авах гээд эсвэл ямар нэгэн зүйл хүсээд түүнийгээ илэрхийлж хэлж чадахгүй байгаа болохоороо уйлж байгаа байх.
Хүүхэд уйлах энэ мөчид танд хоёр сонголт байна. 1) тоохгүй өнгөрөөх эсвэл битгий уйл хэмээн загнаж аашлах. 2) өвөр дээрээ суулгаад аргадаж тайвшруулаад, яагаад уйлаад байгаа шалтгааныг нь асуух. =============================================================== Тэр хүүхдийн уйлалт бол таны сэтгэл зүрх (soul) бөгөөд таны анхаарлыг өөртөө татах гэсэн санаа. Учир нь бидний сэтгэл зүрх бидэнд үргэлж ямарваа нэгэн зүйлийг хэлэхийг хүсдэг. Сонголт 1 бол эго. Эго сэтгэл зүрхийг үргэлж үл ойшоодог. Сонголт 2 бол дотоод мэдрэмжээ сонсох гэсэн таны сэтгэл зүрх. Сонголт нэг буюу сэтгэл зүрхийг үл ойшоох тусам таны сэтгэл зүрх өвдөж эхэлнэ. Өвчний шинж тэмдэг сэтгэл гутрал, айдас, хувь хүний зан төлөвийн сөрөг өөрчлөлт гэх мэт. Учир нь эго (болзолтойгоор өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх) таны амьдралаас сэтгэл зүрхийг холдуулж, танд болон таны эргэн тойронд тодорхой болзлыг тулгадаг. Тэрхүү болзлыг бид мотиваци гэж андуурах ч тохиолдол бий. Яг юуны төлөө, яаж амьдраад байгаагаа мэдэхгүй, зөвхөн хэн нэгэнд хэн нэгэн болж харагдах (хүлээн зөвшүүлэхийн тулд) өдөр бүр хоосон зорилготой амьдралаар амьдарна. Сэтгэл зүрхээсээ холдох тусам бид бусдын мөрөөдлөөр амьдарч бусдад урхидуулж эхэлдэг. Энэ бүхэн бол эзэнгүй амьдралын эхлэл. Сонголт хоёр буюу сэтгэл зүрхээ сонсох. Сэтгэл зүрх бол ХАЙР. Бүх зүйлийн үндэс. Хайр хаана байна тэнд хүндлэл, итгэл, нээлттэй байдал, бусдыг ойлгох сэтгэл, амьдралыг бүтээлчээр харах, чин сэтгэлийн зорилготой байх (жинхэнэ мотиваци), баяр баясгалан, сэтгэл ханамж байдаг. Сэтгэл зүрхээ чагнаж чаддаг хүн эрүүл сэтгэл зүйн дархлаатай байдаг болохоор хэний ч урхинд ордоггүй, хэнд ч дарамт болдоггүй. Мөрөөрөө гэхдээ аз жаргалтай. Сэтгэл зүрхээ чагнаж чаддаг хүн бидний нүдэнд жоохон тэнэгдүү харагддаг. Үлгэр дээр дүрслэх ах дүүгурвын отгон дүү нь жоохон тэнэгдүү юм шиг мөртлөө үргэлж зөв замаар явж дандаа ялалт байгуулдаг. Тэр отгон дүү бол сэтгэл зүрх юм. "Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ" гэж Монголчууд бид ярьдаг. Тэнэг гэж хэлээд байгаа болохоос хэнд ч гай болохгүй, мөрөөрөө яваа хүн шүү дээ. Та өөрийнхөө сэтгэл зүрхээ чагнаж чадаж байна уу?

Comments