top of page

Эмэгтэй хүний амьдралыг тойрог...

Writer: OjinkaOjinka

''... Ээжийн минь ээжий

Эмгэн буурал ээжий минь'' гэх дууны үг яг энэ мөчид надад нэгийг бодогдуулна. Ээж, эмээ, элэнц эмээ гээд бид бүхэнд амьдрал бэлэглэсэн эмэгтэйчүүдийн амьдралын тойрог чухам ямар ямар амьдралыг үзэж тулсан бол доо. Тэр тойргийн үргэлжлэл нь бид бас өөрсдөө гэж бодохоор бид бас ямар амьдралыг үзээд явна вэ? Үеэс үед ирэх энэ эмэгтэйчүүдийн амьдралын тойргийг үйлийн үрийн гинжин хэлхээ гэж нэрлэе. Бид энэхүү гинжин хэлхээний үргэлжлэл, төгсөл эсвэл эхлэл. Ийм гэх тэмдэггүй энэ амьдралын цаана эмэгтэй хүн бүр өөр өөрийн гэсэн амьдралын түүхтэй. Түүх болгон өөрийн гэсэн дахиад түүхтэй. Тийм болохоор байгаль болон амьдралын хууль эмэгтэй хүнд эелдэг зөөлөн хандахыг шаарддаг мэт. Асуудлаар дүүрэн энэхүү эмэгтэйчүүдийн амьдралд эмэгтэйчүүд бид ижил нь ижлээ өсгөж, эсрэг нь эсрэгээ бууруулахыг төлөө бие биедээ нөлөөлөх хэрэгтэй мэт. Яагаад би эмэгтэйчүүдийн сэдвийг чухалчлан үздэг вэ? - өөрөө би эмэгтэй хүн болоод тэр үү надад энэ эмэгтэйчүүдийн ертөнц маш ойр бас дотно байдаг. Хувьдаа би эмэгтэй хүн энэ амьдралын тойрог гэж үздэг. Эмэгтэй хүн хэр их өөртөө аз жаргалтай байна, тэр хэрээрээ сайхан амьдралыг бусдад бүтээж чаддаг гэж боддог. Үр хүүхэд өсгөх, хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах, бусдын төлөө гэх сэтгэл зөвхөн эмэгтэй хүний дотоод мөн чанараас ундрах тул амьдралыг бүтээгч эмэгтэй хүн өөрөө маш ихээр өөртөө болон амьдралд сэтгэлд хангалуун байх нь чухал гэж үздэг. Тиймээс миний судалж байгаа сэдэв бүхэн эмэгтэй хүн бүрийг өөрийгөө болон амьдралыг хайрлах урлагт танилцахад тусалдаг. Өөрийгөө хайрлах урлаг? Гадаад гоо сайхан, хүссэн бие галбир, тансаг хэрэглээ биднийг өөртөө итгэх итгэлийг нэмдэг ч өөрийгөө хайрлах шалтгаан бол биш. Маш энгийнээр болон товчхондоо өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийнхөө муу муухайгаа ухамсартайгаар хүлээн зөвшөөрч, сайн сайхан руу тэмүүлж, өөрчлөлтийг өөрөөсөө хайж, өдөр бүр өөрөө өөртөө эзэн болж, сэтгэлийн амар амгалан, орчны амар тайван амьдрахыг хэлэх болов уу. Магад энэ үзэл бодол амьдралын цаг хугацаа болон туршлагаар өөрчлөгдөх боломжтой боловч яг одоо та өөрийгөө хэрхэн хайрлах талаар мэдэхгүй байгаа бол өөр дээрээ нэг төвлөрөөд, өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Та өөртөө хэр сэтгэл хангалуун байна? Таны амьдралын зорилго тэмүүлэл хаашаа явж байна? Яг одоо та амьдралынхаа аль хэсэгт байна?

Та жооооохон охин байхдаа ямар хүсэл мөрөөдөлтэй байсан бэ? гэх мэтээр гадаад төрх, байгаа байдлаасаа илүү дотоод хүнээсээ өөрийнхөө тухай өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Өөртэйгөө хором зуур ярилцахад танд ямар мэдрэмж төрч байна? Сэтгэл хөдлөлөө бас нэг анзаараад үзээрэй. Бид энэ амьдралд завгүй завгүй гэж гүйсээр байгаад өөрөө өөрөөсөө дэндүү холдсон байх бий дээ. Эргээд өөр лүүгээ эргэн ирэх замыг хамтдаа бүтээе. Би танд туслахад бэлэн.

Сэтгэл, мэдрэмж, хүсэл тань таныг дуудаж байгаа бол info@ojinka.com холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Өөрчлөлтийг өөрөөсөө.

Баярлалаа




Komentarze


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page