top of page

Эмэгтэй хүн бүр мисс байх албагүй

Writer: OjinkaOjinka

Өнөөдөр 15тай мисс охины хагас нүцгэн зургийг хараад олон зүйл бодлоо. Нас явах тусам цэцэг шиг охидыг өөрийн эрхгүй муухай бүхний өмнөөс харамлаж, нүцгэн биеийг нь хөнжлөөр хучаад авмаар.


Надад нэг муухай дурсамж байдаг юм. 11, 12тай л байсан байх. Дөнгөж өсвөр нас байсан. Бие хаа өөрчлөгдөж бусдын хараанд өртөж байсан үе. 80 оны бид нар чинь зуны цагт өглөөнөөс орой болтол гадаа байрныхаа өмнө жинхэнэ амьдаараа "facebook" - байлаа. Байрны эгч нар намайгаа хөөрхөн энээ тэрээ, бие хаа эвтэйхэн, мөр гоётой тул задгай майк өмс, хөл гоё богино юубка өмс гээд л нөгөө юу ч мэдэхгүй жоохон охиныг хөөргөнө. Өөрөө өөрийгөө дөнгөж таньж байгаа өсвөр насны охинд нөгөө байр, орцын эгч нарын үг үнэн юм шиг санагдаад хөөрөн баясна, үгээр нь байна, хэлснээр нь хувцаслана. Өөрийн ухаангүй тэнэг юм уу? гэж бодож байгаа бол, уучлаарай. Арван хэдхэн настай охид уулаасаа өөрөөсөө эгч хүмүүсийн үгийг л авдаг. За тэгээд хэлснээр нь задгай хувцаслаад эхэлсэн чинь байрны ах нар элдвээр хэлэхээс гадна ийшээ тийшээ орох уу? цэцэрлэгийн саад орж сууя гэх мэт санаанд оромгүй санал хэлээд эхэлсэн. Тэгээд гэнэт айсан миний бие хип хоп гэх сул чөлөөтэй хувцсанд дурлаж, аль болох битүү хувцаслах болсон. Жоохон охид өөрсдийгөө мэдэхгүй ойр дотны эмэгтэйчүүдийн үгээр байдаг тул тэднийг аль болох задгай хувцаслахыг дэмжихгүй байвал. Зун цаг их муухай хүмүүсийн муухай хүслийг өдөөж байдаг цаг. Тиймээс муухай хүслийг нь өдөөхгүй, нүдний хороос хол байлгая.

Мөн охидыг өөрөө өөрийгөө олж мэдэх боломжийг өөрт нь үлдээж, өмнөөс нь элдэв зүйл хэлэхгүй байя. Эмэгтэй хүн бүр мисс байх албагүй. Охидыг багаас нь бяцхан мисс гэж өргөмжлөх дэмий мэт. Учир мэдэх эмэгтэйчүүд нь учир мэдэхгүй охидоо муухай бүхнээс хамгаалъя.


コメント


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page