Өөрөөсөө өө сэв хайсаар байна уу?
- Сайн уу?
- Сайн гээд мэндийн үг солилцоод удаагүй байтал Яана аа, өнөөдөр миний үс жоохон сонин байна аа. Би шингэн үстэй. Хачин хэлбэртэй байна уу? гэж надаас асуух тэрхэн агшинд би түүний үсийг анзаарч эхэллээ.
Хэрвээ өөрөө надад үснийхээ талаар хэлээгүй байсан бол би юу ч анзаарахгүй өнгөрөх байлаа. Асуудал миний анзааргагүй занд биш харин өөрийнхөө "өөг" үргэлж дотроо бодон явдаг, өөртөө итгэлгүй, санаа зовсон байдалтай байгаа тэр эмэгтэйд байв.
Хүн бүр дотроо өөрийнхөө таалагддаг, таалагддаггүй хэсгээ сайн мэддэг. Гэхдээ өөрөө л тэрийгээ асуудал гэж боддог болохоос өөр нэгэн огт анзаардаггүй эсвэл анзаарсан ч ач холбогдол өгдөггүй. Учир нь өөрөө ч бас адил асуудалтай.
Тиймээс өөрийнхөө дургүй гэх хэсгээ хүлээн зөвшөөрөөд өөрөө өөрийгөө хайрлах эсвэл мэрэгжлийн газарт хандаж зөвлөгөө аван тухайн "асуудал" гэх асуудлаа өөрийн сэтгэлд нийцүүлэн шийдэх.
Гол нь би ийм байна уу? тийм байна уу? гэж бусдын анхаарлыг татаж өөрөө битгий зовоорой. Байгаа, сайхан муухай бүхий л зүйлдээ хайртай байж цэцэг шиг оршоорой.
Цэцэг хэзээ ч би гоё цэцэг үү? гэж хэнээс ч асуудаггүй.
