top of page

Өөрөө өөрийгөө хайрла, бас шинээр бүтээ

Writer: OjinkaOjinka

Эмэгтэйчүүд бид бие, зүрх сэтгэл, мэдрэмж, хайр дурлал, баяр баяслаар бүрэн дүүрэн амьдрах өгөгдөлтэй. Энэ өгөгдлийг байгаль өөрөө эмэгтэйчүүдэд өгсөн. Хорвоогийн бүх зүйлийг хөдөлгөөн болон хэлбэрт оруулж, эргэн тойрныг аз жаргалтай болгож, хайр энэрлээ бүгдэд нь харамгүй өгч чадаж байгаа эх дэлхий маань хүртэл өөрөө эмэгтэй энергитэй. Эмэгтэй хүн уйтгар гунигтай, аз жаргалгүй, сэтгэлийн шаналал зовууртай амьдраад эхлэхээрээ өөрөө өөрийнхөө үндсэн мөн чанараа алддаг. Биеийн болон сэтгэлийн зовлонг удаан тэвчиж эхэлсэн тэр мөчөөс л нөгөө байгалиас өгсөн эмэгтэйлэг энергиэ алдаж, гундаж, өвдөж, гоо үзэсгэлэнгээ алдаж нэг л мэдэхэд хорчийсон, үрчийсэн, хатсан бас хамгийн хатуу сэтгэлтэй нэгэн болж хувирсан байдаг. Харин эрчүүд бол өөр. Эрэгтэй хүн байгалиасаа ямарваа нэгэн асуудалтай нүүр тулан тэмцэж, тулалдаж, давааны цаана давааг харж эргэн тойрныхоо аюулгүй байдлын төлөө өөрөө өөрийгөө хурцалж мөн хайртай хүмүүсийнхээ амьдралын алсын харааг тодорхойлох үндсэн үүрэгтэй төржээ. Дээрх дурдсан чанаруудыг амьдралынхаа зарчим болгосон эрчүүд илүү өөртөө итгэлтэй, цаанаасаа өөрөө өөртөө сэтгэл хангалуун аз жаргалтай. Сайн яваа эрийн ард сайн эмэгтэй байдаг гэж бид бүгд ярьдаг. Гэвч энэ өгүүлбэрийг бүгд л өөрөө өөрийнхөөрөө ойлгодог. Зарим нь бодохдоо эмэгтэй хүн хоол унд, гэрийн ажилдаа төгс. Нөхрөө юу ч хийсэн арыг нь сайн даагаад ахуйн амьдралаа авч явна гэж боддог. Байж болох л юм. Харин надад энэ өгүүлбэр дээр арай өөр гарлагаа байна.

Энэ бол эрэгтэй хүн хайргүйгээр амьдарч чадахгүй. Тэд ухаан орсон цагаасаа л эхийн хайр, цэцэрлэг сургуульд ороод багшийн хайр, анхны дурлал шохоорхол нь ангийн нэгэн охин гэх мэт эрчүүдийн хайр гэх тодорхойлолт тэр чигээрээ эмэгтэй хүн байдаг. Харин эмэгтэйчүүд бид байгалиасаа хайрлах, бүтээх гэсэн үндсэн шинж чанартай байдаг. Тиймээс амьдралд бид үнэхээр өөрсдийнхөө төсөөлөлд байгаа шиг хайртай залуудаа хайрлагдахыг хүсэж байгаа бол эхлээд өөрөө өөрийгөө хайрлаж сурах хамгийн чухал. Өөрийгөө хайрлаж байгаа тэр л хандлагаар дэргэд тань байгаа эрэгтэй хүн таныг хэрхэн хайрлах сэдлийг авч байдаг. Өөрийгөө хэрхэн хайрлах вэ? амьдралын хэв маяг, үзэл бодол, дуу хөгжим, бүтээлч байдал, идэвхтэй хэмнэл, сониуч зан гээд олон төрлөөр өөрийгөө хайрлаж бас илэрхийлж болно. Гол нь хийж байгаа зүйлээсээ баяр баясал, сэтгэлийн таашаал мэдэрч, сэтгэл хангалуун байх. Энэ бүхнийг таны амьдралаас олж харсан эрэгтэй хүн тантай хамт таныг хайрлах юм. Өөртэй итгэлтэй, хайртай, бүтээлч эмэгтэйн дэргэд ямар ч эр хүн хичээдэг. Хэрвээ таны дэргэд өөртөө итгэлгүй, сэтгэлийн хатгүй, сул дорой эрэгтэй хүн байгаа бол тэр хүнтэй хамт та өөрөө өөрийгөө алдсанд тооцож болно. Учир нь өөртөө итгэлгүй эрэгтэй хүн өөрөө өөрийгөө хайрлаж байгаа эмэгтэйг хүнийг ойлгодоггүй. Таны үйлдэл бүхнээс өө сэв хайж эхэлнэ. Хамгийн нийтлэг асуулт. Хэндээ сайхан харагдах гээд байгаа юм?! Хэрвээ хэн нэгний нөлөөнөөс та өөрөө өөрийгөө хаячихсан байгаа бол яг одоо энэ мөчөөс эргээд өөрөө өөр дээр эргэн ирээрэй (хамгийн гол нь сэтгэл зүйн хувьд). Чадах болов уу гэж огтхон ч өөртөө эргэлзэх хэрэггүй. Танд байгалиас өгсөн өгөгдөл нь байгаа шүү дээ. Эхлээд өөрөө өөрийгөө тултал нь хайрла. Өөрийнхөө нүүр царай, бие хаа, үс гэзэг, хумс хуруу юу байдаг юм бүгдийг нь нэг бүрчлэн хайрла. Хэнтэй ч өөрийгөө битгий жиш, зүйрлүүл, харьцуул. Өөрийгөө хайрлаж эхэлсэн тэр мөчөөс буцаад таны амьдрал таныг хайрлаж эхэлнэ. Энэ бол байгалийн хууль. Хайраар өөрөө өөрийгөө болон бусдыг анагааж чадах чадвар зөвхөн эмэгтэй танд л бий. Зүгээр л аз жаргалтай байхыг өөртөө зөвшөөр. Энэ бол худлаа сэтгэл сэргээсэн сайхан үгс биш. Таны байгалийн өгөгдлийг танд сануулж байгаа үгс. Өөрөө өөрийгөө хайрла, бас шинээр бүтээ.

(миний бичиж байгаа номын хэсгээс, 2022 )


1 Comment


Oyunomin Enkh
Oyunomin Enkh
Feb 12, 2022

Ямар сайхан юм уншчихав аа. Номыг нь тэсэн ядан хүлээе.

Like
Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page