top of page

Tөгс хос гэж байхгүй...

Хосын жор яг л хоолны жортой адилхан. Хүн бүрийн хооллох амт өөр өөр болохоор хүмүүс янз янз бүрийн хоолонд дуртай байдаг. Аз болж. Нийтэд тохирсон нэг л хосын жор байсан бол бүгд л нэг хэвийн хэмнэлттэй, бас хиймэл амьдрах байсан байх. Хэрвээ та хосоо сонгосон бол таны сонголт зөвхөн танд л тохирсон. Мөн та өөрөө цаад хүндээ тохирсон болоод хамтдаа байгаа шүү дээ. Тиймээс зөвхөн хоорондоо тохирох хосын жороо олж мэдэх хамгаас чухал. Жишээ нь би хувьдаа хосуудын амьдралд хэрэгтэй маш олон зөвлөмж их сонсдог. Зөвхөн санаа авах зорилгоор. Авсан санаагаа өөрийнсдийнхөө амьдралтай нийцүүлээд, зөвхөн бид хоёрт таарсан хосын жороо гаргаж авдаг буюу нэг хоолны жороос цоо шинэ хоолны жор үүсдэгтэй адил.

За, хувийн хосын жорын туршлагаасаа нээлттэй бичье. Дээр бичсэн шиг та зөвхөн өөрт хэрэгтэй гэсэн санаагаа аваарай.

Хэн нэгэн хүнтэй хос болж амьдарна гэдэг бараг тэр чигээрээ амьдралын ухаан, ур чадвар. Зарим хүмүүс хэлдэг. Ухаан зарж яадгийн. Нэг л амьдарна сайхан дураараа амьдарч байгаад үхнэ гэж. Гэхдээ аливаад ухаан зарцуулахгүй бол уур нь ухаанаа идчих гээд байдаг болохоор бүх зүйлд ухаан зарцуулах хэрэгтэй гэж боддог. Хэрвээ уураг тархитай л юм бол.

Манай хосын онцлох байдал гэвэл хоорондоо байнга ярилцах. Сайн муу сайхан муухайгаа үргэлж ярилцах. Биеийн ханиас сэтгэлийн хань насан туршийн хань гэж хоорондоо боддог болохоор аль болох сэтгэлээрээ их холбогдохыг хүсдэг. Тиймээс их бага гэлтгүй асуудал гарвал Буйдангийн цаг буюу буйдан дээр суугаад ярьдаг.


Ярилцах давуу талууд:

- ирээдүйн төлөвлөгөө, зорилгоо ярилцаж нэг зүг рүү хамт харж буйгаа үргэлж тодорхойлох

- үүссэн ойлгомжгүй байдлыг бие биеэсээ асууж тодруулах. Цаг алдахгүйгээр

- уур бухимдалтай үед нөгөө хүний талаар үргэлж сөрөг бодол орж ирдэг тул сөрөг бодлоо удаан өөртөө хадгалж, аливааг ургуулан бодохгүйн тулд шууд эргэлзээ төрүүлсэн зүйлээ бас л цаг алдахгүйгээр асууж, хамтдаа ярилцах

- хэдий уур хүрсэн ч "Эцсийн эцэст энэ хүн миний сонголт шүү дээ. Хэн ч намайг энэ хүнтэй хүчээр нийлүүлээгүй. Миний сонголт учраас давхар миний хариуцлага" гэж бодон хэдий дургүй хүрсэн ч ярилцаад, цаад хүнийхээ хэлэх гээд байгаа санааг сонсох. Буйдан дээр ярилцаад суухаар аяндаа уур бухимдал бага багаар гардаг.


Дараагийн нэг заншил гэмээр нэг хэсэг бол 7 хоног бүрийн тогтсон өдөр буюу Лхагва гараг бүр болзоонд явдаг. Ямар завтай юм бэ гэж бодож магад. Хайр сэтгэлийн асуудал бол таны амьдралын хамгийн том төсөл. Бараг насан туршийн төсөл. Тиймээс энэхүү дааж авсан төслөө үргэлж ажил хэрэг мэтээр хүлээн авч, бие биедээ цаг гаргах.


Болзоо гээд сүртэй бичсэн байж магад. Болзоо нь янзан бүрийн хэлбэртэй байж болно. Гол нь хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэх нь бид хоёрт чухал юм байна. Болзооны хүрээнд гадуур хамт иднэ. Аль аль нь өөрсдийгөө хөөрхөн дээр нь тавина. Хундага улаан дарс хамт уунгаа жинхэнэ өөр хоорондоо болохгүй байгаа сэдвээ маш димломат байдлаар хоорондоо ярьдаг. Ямар ч уур уцааргүйгээр, эрүүл ухаанаар ярилцах боломжыг орчин нь өөрөө бэлдээд өгдөг. Гэртээ сэгсийгээд, өвдөг нь гарчихсан бэлтгэлийн өмдтэй, олон долоон юм яриад байвал үнэндээ хэний ч сэтгэлд буудаггүй. Тиймээс чухал сэдвийн талаар ярилцах гэж байгаа бол бид хоёр эхлээд орчноо сайн бүрдүүлдэг.

За дараагийн сонирхолтой сэдэв бол хоорондоо тогтсон уламжлалтай. Жишээ нь өглөө сэрээд хоорондоо байнга зүүдээ ярилцдаг. Хэзээ ч үг дуугүй нэг нь орноосоо босож явдаггүй. Аан тийм, бас хоорондоо муудалцсан бол орой унтахаасаа өмнө яаж хийж байгаад сайндаад унтдаг. Муудчихсан унтахаар өглөө нь муудчихсан хэвээрээ сэрдэг. Миний хувьд. Миний хувийн уур гомдол нь их удаан гардаг болохоор бодоод л гомдоод байдаг сул талтай. Гэхдээ яг үнэндээ өөрөө өөрийнхөө ургуулан бодсон бодолдоо илүү гомдоод байдаг. Цаад хүн нь тийм ч их гомдооё гэж бодоогүй байхад. Энэ сул тал дээрээ би ажиллаж байгаа.

За тэгээд сүүлийн нэг хөөрхөн зүйл гэвэл хамтдаа сар бүр нэг #challenge явуулдаг. Энэ сарын #challenge бол орой 23:30 унтаад өглөө 07:30 сэрэх. Хамт нойрсоод, хамт сэрэх кккккк Учир нь би шөнөжин сууж ажилладаг болохоор үүрээр унтаад өдөр сэрээд байсан чинь бид хоёрын харилцааны чанарт асуудал гарч эхэлсэн. Амьдралын хэмнэл өөр байх тусам бие биенээсээ хөндийрдөг мэт санагдсан.


Бид хоёр өөр өөр ахуйгаас ирсэн болохоор хааяа бие биенээ сайн ойлгохгүй үе гардаг. Тэр асуудлыг их хөөрхөн аргаар бас шийдэж болдог. Жишээ нь тоглоомын аргаар. Сүүлд Happy Partners Project нэртэй (https://www.happypartnersproject.com/) картан тоглоомоор тоглодог болсон. Хүн чинь тоглож байхдаа их зүйлийг сурдаг шүү дээ, тийм ээ?


За нэг иймэрхүү Жаахан хувийн чанартай зүйл бичсэн бол уучлаарай. Санаа аваасай гэж бодсон бодол маань энэ.

Түүнээс хэн нэгэнд учиргүй зааж сургах гэсэнгүй. Уулаасаа хос бүр энэ амьдралд өөрөө өөрсдийнхөө аз жаргалын жортойгоо ирдэг. Хааяа зүгээр л өөрт байгаа жороо анзаардаггүй. Учир нь бусдын зүйл зөв, өөрийн зүйл буруу гэсэн бодлын түгжээ дунд төөрөлдөөд байдаг болохоор тэр байх (миний бичвэрт "... ийм байх, тийм байх" гэсэн үг их ордог. Мэдэхгүй бөөрөнхийлсөн хэрэг биш, энэ хорвоод туйлын үнэн гэж байдаггүй болохоор л тэр).


Нэг зүйл дахин дахин хэлэхэд хорвоо дээр төгс хос гэж байхгүй. Харин төгс сайн сайхан рүү тэмүүлдэг хосууд гэж байдаг.

ree

Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page