top of page

Шинэ ертөнц буюу Монтессори аялал

Сэтгэл судлал нь нийгмийн ухаан салбар болохоор судлах, шинжлэх, ажиглах, турших гэх мэт үргэлж олон цагаар суух хэрэгтэй мэргэжил. Хүний болон нийгмийн хөгжлөө дагаад мөн адил бусад салбар шиг байнга шинжилгэгдэж байдаг салбар болохоор үргэлжийн мөнх тогтвортой судалгаа хийх хэрэгтэй байдаг. Мэргэжлээсээ уйдахгүйн тулд арай өөр ангилал руу орохыг хүсэв. Энэ бол хүүхдийн сэтгэл судлал. Суралцах алхмаа уламжлалт бус байдлаар сонголоо. Эхлээд практик, дараа нь академикийн онол. Мэргэжлийн суурь нэг салбар болохоор ангилал, чиглэлээ солиход хүндрэлгүй байсан ч хүүхдийн салбар бол миний хувьд цоо шинэ ертөнц. Ингээд 2022 оны 11-р сараас Монтессори хэмээх салбар луу сэтгэл шулуудан орлоо.


Энэ салбарынхаа талаар сурсан, мэдсэн зүйлээ хуваалцахын өмнө эцэг, эхчүүд дээр анзаарсан нэгэн ажиглалтаа бичье хэмээн бодлоо.


Миний амьдарч байгаа хот Калифорни, Невада хоёр мужийн хил дээр байдаг. Сүүлийн жилүүдэд Невада мужийн татварын таатай нөхцөлөөс хамаараад алдарт Цахиурын хөндийн том том компаниуд манай хот руу сүрэглэн нүүж ирж байгаа. Бидний сайн мэдэхээс Google, Amazon, Tesla... гэх мэт.


Технологийн компанид ажилладаг эцэг, эхчүүд хүүхдүүдээ Монтессорийн сургалтад хамруулах хүсэлтэй "тренд" байдаг юм байна.


Миний хувьд 2022- 2023 оны хооронд Пало Алто (жинхэнэ нөгөө Silicon Valley-ын том нэг хэсэг) хотын Монтессорийн сургуульд ажиллаж байхад энэ трендийг ажигласан юм.


Эцэг, эхчүүд нь ихэвчлэн META, Google гэх мэт газар ажилладаг. Хүүхдүүд тарах цагт манай ажлын машины зогсоол бараг л Tesla-гийн шоурүүм гэлтэй.


Сүүлийн хоёр жилийн хооронд Монтессорийн сургалттай газрууд манай жижигхээээээн хотод (2024 оны байдлаар хүн амын тоо 281,714) борооны дараах мөөг шиг л олон болох хандлагатай боллоо.


Гол шалтгаан нь энгийн боловч их айхтар. Хүүхдийн тархины хөгжил явагдаж буй процессын үед аль болох дижитал ертөнцөөс хол байлгах гэж энэ том том IT, технологи суурьтай аав, ээжүүд хүүхдүүдээ албаар "Хиппи" маягийн сургалтад явуулдаг юм байна. "Хиппи" гэдэг нь сургалтын материалууд нь дандаа байгалийн, эко, натурал гэх мэт. Гял цал, пластик, элдэв зай майгаар ажилладаг, дуу шуу гаргадаг нэг ч зүйл байхгүй. Хорвоотой танилцах бүх арга зүй нь техникээс хол. Насан туршдаа биш. Зөвхөн 7 нас хүртэл.

ree

Хүүхдүүд, тэр тусмаа 7-с доош насны хүүхдүүд хэт их дэлгэцийн хамааралтай байгаа нь тэдний амьдралын хэрэгцээнээс, хэв маягаас биш, харин эцэг эхийн буруу зуршлаас шууд хамааралтай аж. Нэгэнд хамааралтай болсон бол ирээдүйд өөр нэгэн зүйлд хамааралтай болох нь их хурдан. Юунд ч донтох аюултай.


Учир нь хүн эерэг, эсрэг ч хүүхэд насныхаа танил мэдрэмж рүүгээ тэмүүлдэг.


7 нас хүртлээ дэлгэцийн хамаарлаас хол байгаад сурвал тархины үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. Хүний тархины эд эс амьдралын эхний 7 жил хүртэл маш хурдан эрчимтэй хөгжин, тодорхой хэмжээнд хүрсний дараа хөгжил нь удааширдаг юм байна.


Хүүхдийн тархийг хөгжүүлдэг гол аргуудаас хамгийн чухал нь АНХААРАЛ. Анхаарал нь төвлөрсөн цагт л хүүхэд хөгждөг аж. Анхаарал төвлөрүүлэх гол хүчин зүйлс нь аливааг ӨӨРИЙН ГАРААР ХИЙЖ БҮТЭЭХ. Гар бол нүдэнд харагдах тархи.


ree

Тархийг бүрэн дүүрэн хөгжүүлэх боломжийг Монтессори сургалтын арга зүй натурал байдлаар бүрдүүлж өгдөг болохоор энэ сургалтаар төгссөн олон танил хүмүүсийн ихэнх нь хэрэглэгч биш бүтээгч хүмүүс болон хүмүүжидэг.


ree

Дараагийн хүүхдийн тархины үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг хүчин зүйл бол ХҮНДЛЭЛ. Энэ сэдвийн талаар дараагийн бичвэртэй дэлгэрэнгүй оруулна аа.

Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page