top of page

Тодорхой бус байдал ба даавар

Дуулсан дуундаа би өөрөө уяраад гэдэг шиг энэхүү бичих сэдэвдээ би өөрөө сэтгэл эмтэрсээр...


Энэ хавар Чех явж өсвөр болон залуу насныхаа эмэгтэй найз нартайгаа уулзахаас гадна хэд хэдэн эмэгтэйчүүдийн тойрогт оролцож, мөн иог & бясалгал хамтдаа хийдэг байсан тухайн үеийн Хиппи найз эмэгтэй нартайгаа уулзаад зөндөө олон сэдвээр сэтгэлээ уудлан ярилцлаа.


Удаан уулзаагүй болоод тэр үү сонин сайхан ихтэй ч ихэнх, тийм ээ, ихэнх эмэгтэй найз нар маань нийтлэг нэг асуудалтай байлаа. Тэр бол нөгөө л дааврын асуудал. Энэ эмэгтэйчүүдийн дааврын асуудал глобал сэдэв болсон юм байна. Даавраас болоод зарим нь гучин хэдхэн насандаа сарын тэмдгээ бүр мөсөн алдсан, эсвэл сарын тэмдэг нь ирээгүй 5-3 жил болсон. Эмчилгээ хийлгэх тусам сэтгэл зүй, санхүү, цаг хугацаагаараа хохирсон тохиолдол их.


Ижил ижлээ дуудна гэдэг шиг асуудал нэгтэй хүмүүстэйгээ аминчлан ярилцах доор даавраас болоод амьдралын чанар нь 180 градус иргэсэн тохиолдол их байна. Жишээ нь салалт.


Ажлаа солих, сайн найз нараасаа хөндийрөх, дуртай зүйлдээ дургүй болох гэх үзэгдэл бол наад захын жижиг асуудал болсон гэлтэй.


Үгүй нээрээ, юу дутлаа гэж энэ олон эмэгтэйчүүд даавар гэх асуудлаас болоод зовно вэ хэмээн бодож дуусаагүй байтал Америкт танилцсан ихэнх эмэгтэйчүүд бас л дааврын асуудалтай болж таарлаа.


Би сүүлийн хоёр жил Монтессори сургалтын хүрээнд олон олон эмэгтэй багш нартай хамтран ажиллаж байгаа. Нийтлэг дундын сэдэв бас л даавар. Дааврынхаа учрыг олчих гээд 30-40 насны эмэгтэйчүүд юм юм л туршиж байгаа харагдана. Аргаа барсан хүн аргаа барсан арга хэмжээ авах нь элбэг.


Ай даа, юу нь буруу эргэхээрээ дэлхий нийтээрээ шахуу энэ олон эмэгтэйчүүд дааврын асуудалд ордог байна аа хэмээн судлаад үзэхээр маааааш олон хүчин зүйлс их байна аа. Амьдралын хэв маяг, хүнс болон ахуйн хэрэглээ, энэ олон химийн коктейль болсон гоо сайхны бүтээгдэхүүн гээд дурдаад байвал түм бумбан зүйлс байна. Түүхэндээ эмэгтэйчүүд хэзээ ч ийм их стрессийн, хэрэглээний, химийн дарамтад орж байгаагүй юм байна. Олон асуудал бүрээс хамгийн нийтлэг нэг асуудал бол тодорхой бус байдал.


Жишээ нь:

Нэг ажилд орлоо - тодорхой бус байдал

Нэг хүнтэй танилцлаа - тодорхой бус байдал

Нэг нөхөрт гарлаа - тодорхой бус байдал

Нэг санаа нийлсэн найз эмэгтэйтэй боллоо - мөн л тодорхой бус байдал гэх мэт үргэлж зүсээ хувиргаж байдаг энэ өнгө мөнгөний хорвоод ямар ч асуудал тодорхой бус болоод ирэхээр эмэгтэй хүн дааврын тогтворгүй байдал савлаад ирдэг юм байна.


Жишээ нь Монголд дээр цагт (90 оноос өмнөх цаг хугацаа) нийгэм болон ахуйн нь тогтвортой, бүх зүйлс нь ойлгомжтой, цагийн хуваарийн дагуу хийх ажлаа хийнэ, бүх зүйлс ойлгомжтой бас тогтвортой, тодорхой байсан болохоор дааврын асуудлын хувьд эрүүл байсан юм болов уу.


Харин өнөөгийн энэ цаг хугацаа эмэгтэйчүүдэд маш их дарамтыг өгдөг болохоор дэлхий нийтээрээ эмэгтэйчүүд дааврын асуудалтай байгаа юм болов уу хэмээн ажиглалт хийгээд сууж байна.


Даавартай холбоотой сэтгэл зүйн асуудал бол тренд биш гэдгийг бас бид давхар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.


ree

 
 
 

2 Comments


edna
Aug 04

Дасгал, бясалгал, дуртай зүйлдээ тууштай байх гэх мэтчилэн өөрийгөө зохицуулж байна даа.

Like
Guest
Aug 04
Replying to

Тийм шүү ;)

Like
Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page