
Сэтгэлзүй бол инээдэм биш
- Ojinka
- Jun 2
- 2 min read
Хэдэн долоо хоногийн өмнө юм уу даа санаандгүй байдлаар энэ ФБ дээр нэгэн бичлэг үзлээ. Орон нутгийн нэг эмэгтэй нэгэн номын нээлт дээр бололтой ярилцлага өгч байна. Үг, үгээр биш ч утга нь нэг иймэрхүү зүйл хэлж байна.
"Одоо цагийн эмэгтэйчүүд яагаад сэтгэл гутрал яриад байгааг ойлгохгүй байна. Сэтгэл гутрал бол завтай, залхуу хүний ажил. Энэ номын нээлтийн үйл ажиллагааны дараа би шууданд суугаад нутаг буцлаа. Надад ямар ч сэтгэл гутралд орох зав зай миний амьдралд алга" хэмээн нүүр дүүрэн мишээсэн ярилцлага өгч байна.
Бичлэг доорх коммент хэсэг мөн адил " Зарим нэгэн эмэгтэйчүүд дэндүү жаргалтай, жаргалаа дааж чадахгүй зовлонтой. Юундаа сэтгэл гутралд ордог байна аа" хэмээн цэц булаацалдаж буй сэтгэгдлүүд олон харлаа.
Дотроо бодлоо. Яг иймэрхүү хандлага биднийг сэтгэлээ түгжиж, юу ч болж байсан чимээгүй, болж өгвөл худлаагаасаа инээсэн төрх, албаар аз жаргалтай дүр, миний асуудал хэнд ч хамаа байхав дээ хэмээн дотроо сэтгэлийнхээ шархтайгаа хатах гэх мэт "Завтай хүний ажлаа зовуурьгүй өөртөө дасгаж" амьдарч эхэлнэ.
Сэтгэл гутрал хүмүүсийн амьдралд заавал тийм ээ заавал байж байдаг амьдралын нэг хэсэг. Хүн битгий хэл амьтан ч бас сэтгэл гутралд ордог хорвоо.
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс залхуутай, завтайдаа биш харин өөрийн сэтгэлийн хүнд шархыг хойч хойч үедээ өвлүүлэхгүйн тулд, үе хоорондын зөрчлийн гинжин хэлхээг таслах гэж, хувь хүн сэтгэл амар бол хүрээлэл сэтгэл амар байдгийг ойлгосон учраас, сэтгэл гэх эрхтэн өвчилсөн бол эдгээх хэрэгтэйг мэдэрсэн болохоор, сэтгэл зүйн эрүүл мэнд нь хувь хүний амьдралын чанарт шууд сайнаар нөлөөлдөг учраас тэд маш их тэвчээр, зоригийг гаргаж байгаа жинхэнэ бодит хүмүүс билээ.
Өөрийнхөө сайн сайхныг төлөө хүн өөрөө л тэмцэнэ. Бусдын юу гэх огтхон ч хамаагүй. Хэн нэгэн таны сэтгэлийн шарахаар "шоу" хийх боломжийг өөртөө битгий олгоорой.
Бичвэрийн эхэнд дурдагдсан орон нутгийн эмэгтэй нутаг орондоо аз жаргалтай байж болно. Гэвч хэнд ч өөрийнхөө аз жаргалын хэмжүүрээр бусдын зовлонг шүүх хэрэггүй мэт.
Comments